2020.09.02

Б.Бейсен: Би нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн дээдлэх тангараг өргөсөн хүн

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэчлэхээр өргөн баригдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан билээ. Энэ тухай АН-ын бүлгийн зүгээс хэвлэлийн хийх үеэрээ тайлбарласан юм. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, нэрийг нь тодруулж, Ерөнхий сайдад санал болгон батламжилдаг.

Харин дээрх хуулийн шинэчлэлээр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгосноор хэлэлцэн батлах бол аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран ажиллах сум, дүүргийн Засаг даргаа харьяа Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа санал болгосноор томилно гэж хуулийн төсөлд тусгасан юм. Тиймээс ээлжит бус чуулганаар бус ээлжит чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзжээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен уг хэвлэлийн хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргын хувьд өөрийн байр сууриа илэрхийлснийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр буруу ташаа мэдээлж, мушгин гуйвуулсан явдал болсон. Тэрээр хэлсэн үгэндээ завсарлагаа авах болсон үндэслэл, хуульд оруулах өөрчлөлтийн зүйл заалт зэргийг жишээ татан хэлснийг үндэстэн ястны хооронд яс хаяж буруу мэдээлэл тараасан болгож зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн.

УИХ-ын гишүүн нь ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ Төрийн сүлдэнд тангарагладаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Бейсен нь анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Хүний гавьяат эмч, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд олон жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүний хувьд үндэстэн ястны ялгаа гаргаж, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг буруутгасан утга агуулгатай үг огт хэлээгүй билээ.

Тэрээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан ташаа мэдээллийн талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хүргэжээ.

MЭДЭГДЭЛ

Ардчилсан намын бүлгийн хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор хэлсэн санал, шүүмжлэлийг олон нийтийн зүгээс буруу ойлгож байгаа тул үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 1-т ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасны дагуу Улсын Их хурлын гишүүний хувьд Монгол Улсын засаг захиргааны нэгж буюу бүх аймаг болон нийслэлийн эрх зүйн байдалтай холбоотой асуудалд санал гаргаж, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байна. Баян-Өлгий аймгийн асуудлыг онцгойлон авч асуудалд хандаагүй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн бүрэн эрхийг үгүйсгэсэн, үндэсний буруу үзэл огт гаргаагүй болохыг нийт ард иргэд та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хэрэгжүүлж байгаа зөв бодлогыг дэмжиж ажиллах ба эмч хүний хувьд Ковид-19-ийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
  • Улсын Их хурлын ээлжит бус чуулганы нээлтийн дараа Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар өөрийн үзэл бодлоо Ардчилсан намын бүлгийн бусад гишүүдийн хамт илэрхийлэхдээ  "Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, гэтэл Баян-Өлгий аймгийн удирдлага буюу засаг даргыг томилох нь буруу" гэж хэлсэн. Өөрөө Баян-Өлгий аймгаас сонгогдсон болохоор мэддэгээрээ Баян-Өлгий аймгийг жишээ болгож  нэрлэсэн. « аль ч аймгийн засаг даргыг дээрээс шууд тулгаж томилж болохгүй, хуучнаараа буюу Үндсэн хуульд заасны дагуу иргэдээс сонгогдсон тухайн аймгийн ИТХ-ын саналын дагуу томилох ёстой» гэсэн үзэл бодлоо илэрхийлсэн. Үүнийг хэлэхдээ би элдэв далд санаа агуулаагүй ба дундаас нь ганц үгийг тасалж аваад миний хэлэх гэснийг янз бүрээр мушгин гуйвуулж, ард иргэдийг үймүүлж, хагардуулж байгаад харамсаж байна.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 60-р зүйлийн 2-т Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж заасан. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засаг даргыг томилох зохицуулалтад өөрчлөлт ороогүй.
  • Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 58.5-д Засаг даргад дараах журмаар нэр дэвшүүлнэ. 58.5.1-т Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно гэж заасан  байх ба Ерөнхий сайд, дээд шатны засаг даргаас санал болгох нь нутаг өөрөө удирдах ёсны түүхэн уламжлалыг эвдэж, Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсэн болно. Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх талаар хэлэлцүүлгийн явцад нухацтай яригдана гэдэгт найдаж байна.

Иймд Та бүхнийг миний үзэл бодлыг зөвөөр ойлгож, асуудалд нухацтай хандахыг хүсэж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГА Б.БЕЙСЕН