УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгий аймгийн залуучуудын элчээр өргөмжлөгдлөө
УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгий аймгийн залуучуудын элчээр сонгогдож энэ сарын 05 ны өдөр батламжаа гардан авлаа.
Т.Аубкир гишүүн өчигдөр Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөлтэй уулзлаа.
Хөгжлийн газрын зүгээс Баян-Өлгий аймгийн хүүхэд залуучуудын ордонтой болох. Мөн Баян-Өлгий аймгийн хөгжлийн газрын жилийн төсвийг нэмэгдүүлэх асуудалд онцгойлон анхаарлаа хандуулахыг хүслээ.
Учир нь зэргэлдээ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жилийн төсөв 300 гаруй сая байдаг бол манай аймгийн хөгжлийн газрын жилийн төсөвт 90 гаруй сая төгрөгийг хуваарилсан байдаг байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакир: 2021 оны төсөвт Баян-Өлгий аймгийн хүүхэд залуучуудын ордныг барих зардлыг суулгуулсан бөгөөд энэ асуудлыг ажил хэрэг болгоход онцгойлон анхаарлаа хандуулан ажиллах болно. Баян-Өлгий аймгийн залуучуудын санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллана.
Баян-Өлгий аймаг хүүхэд залуучуудын ордонтой болсоноор хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан секц, арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэг олон боломж нээгдэх юм.
Энэ жил залуучуудын хөгжлийн сарын аяныг “НЭГ ЗАЛУУ- НЭГ САНААЧЛАГА” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд 21 аймаг тус бүр залуучуудын элчийг томилох санаачлага гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс тус санаачлагын дагуу УИХ-ын гишүүн Т.Аубакирыг "Залуучуудын элч"-ээр өргөмжилж, батламж гардуулан өглөө.
Залуучуудын элч нь орон нутгийнхаа залуучуудын санал санаачилгыг дэмжиж, тулгамдаж буй асуудлыг оновчтой гарган ирж, шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх юм.