Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаан 15 цаг 34 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.
Ингээд Засгийн газраас 2020 оны 09 дүгээр 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдварын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогчоос ажилтныхаа цалин хөлснөөс нийт 22 хувиар тооцож төлдөг НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл тэглэх, мөн 2020 оны 10 дугаар сарын 1-ээс 2021 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд нийтдээ 10 хувьд хүргэж хөнгөлөх арга хэмжээг 2 үе шаттай хэрэгжүүлж байна.
Коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаад 22 хувь болж нэмэгдэх байсан НДШ-ийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл өдрийг хүртэлх хугацаанд 17 хувиар буюу ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь 3-5 нэгжээр бууруулахаар тооцсонтой холбогдуулах Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа.
Мөн Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спорт, соёлын салбарт хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл болон орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийг эрүүл мэндийн даатгалын санд олгох, сумын эрүүл мэндийн төвийг 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 оны 7 дугаар сард орсон өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон, орон нутаг дахь соёлын үйлчилгээ орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт шилжсэн, түүнчлэн малын тоо толгойн татвар нь сум, дүүргийн татварын орлогын бүрэлдэхүүнд хамрах болсон зэргээс шалтгаалан холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Түүнчлэн, манай улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй хэдий ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна.
Иймд орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг ирэх оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх болно. Энэхүү хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг онцлов.
Концессын үр дүнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр төрийн эсхүл орон нутгийн өмчлөлд ирээдүйд тодорхой эд хөрөнгө бий болох ба энэхүү хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хамаарч байна. Иймд үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлаас “концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хасаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд хамруулахаар Засгийн газрын тухай хуулийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, С.Ганбаатар, Ж.Батжаргал, Ц.Анандбазар, С.Амарсайхан нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хэрхэн тооцож тогтоосон, сум орон нутгийн төсөвт ойролцоогоор хэчнээн төгрөг төвлөрүүлэх боломжтой эсэхийг тодрууллаа. Мөн албан татварын хувь хэмжээг мал сүргийн бүтэц, газар тариалангийн бүс нутагт ялгамжтай тогтоосон эсэх, татвараас төвлөрсөн орлогын зарцуулалтыг тодорхой зааж тусгасныг илүүтэй лавлав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, мал тооллогын дүн мэдээллээс харахад улсын хэмжээнд 70.9 сая мал тоологдсон. Хуулийн төсөлд албан татварыг 0-2000 төгрөг гэсэн хязгаар тогтоосон. 70.9 сая малаас 2000 төгрөгийн татвар авахад 142 тэрбум, нэг малд ногдуулах татварыг 1000 төгрөгөөр тооцоход 71 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой. Хамгийн бага буюу 21 мянган малтай нийслэлийн Багахангай дүүрэг гэхэд 21 сая, дундаж буюу 209 мянган малтай Хэнтийн аймгийн Баян-Овоог сумаар жишээлэхэд 209 сая, хамгийн их буюу 640 мянган малтай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум гэхэд 640 сая төгрөгийг сумын төсөвтөө төвлөрүүлэх боломжтой.
Харин байгаль экологийн тэнцвэрт байдлаа хамгаалж хадгалах үүднээс сүргийн бүтэцдээ ялгамжтай хандан, адуу, ямаанд албан татвараа нэмүү ногдуулья гэдгээ сумын иргэд хурал дээрээ ярилцаад аль төрлийнхөө малаас татвараа ахиу авах, эсвэл бууруулах асуудлаа шийдэх боломжтой. Мөн байгалийн гамшиг ган, зуд нүүрлэх үед уг албан татварыг тэглэх нөхцөлийг хангах үүднээс татварын доод талын хязгаарыг 0 гэж тусгаж өгсөн. Засгийн газрын зүгээс орон нутаг төсвийнхөө орлого, зарлагаа баталдаг учир тэр эрхэд нь халдахгүй байх зарчмыг баримталсан гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулна гэж байлаа.
Гишүүдийн хувьд малын тоо толгойн албан татвар авах нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг бууруулах, сум орон нутаг бэлчээрийн менежментийг асуудалд онцгой анхаарал тавих санхүүгийн эх үүсвэр бүрдэх, малын ашиг шим, чанарын асуудалтай холбоотой тул уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ энэ төрлийн татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээр болсон ч малын эрүүл мэнд, малын үржил, бэлчээрийн даацын менежмент, малын хариулга, маллагаа сурталчилгаа гэсэн чиглэлээр зарцуулалтыг нь тодорхой зааж өгөх, цаашлаад малын тоо толгойн албан татварыг газар тариалангийн бүс нутаг, малын сүргийн бүтцийг харж ялгамжтай тогтооход анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.