Х.Баттулга: Гэхдээ манай аварга ялсан
2010.02.05

Х.Баттулга: Гэхдээ манай аварга ялсан

Их аварга Д.Дагвадорж зодог тайлсан талаар мэдээлэл тарахад хүн бүр нэг л сонин болчхов. Тэр агшинд хамгийн түрүүнд МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож, энэ талаар юу бодож байгааг нь тодрууллаа.


Хоёр жил хагасын өмнө ёкозүна Д.Дагвадоржийн элэг нэгтэндээ гомдсон сэтгэлийн үгээс эмзэглэхдээ түүний бичиж байсан "БААТАР-HERO" нийтлэл хамгийн түрүүнд санаанд орлоо.

-Манай их аварга Дагвадорж сүмогоос зодог тайлах болсноо сая албан ёсоор зарлалаа. Та үүнийг мэдсэн үү?

-Мэдсэн. Үнэхээр их харамсч байна. Уг нь залуу хүн шүү дээ. Зодог тайлах болоогүй л байсан юм.

-Их аварга Дагваа маань сүмод орохоосоо өмнө жүдо бөхөөр хичээллэж байсан. Тийм болохоор жүдочидтой их ойр байдаг гэдэг?

-Тийм. Олимп, дэлхийн аваргын тэмцээнд манай жүдочид болон монголчуудад MIZUNO фирмийн хувцсыг спонсорлож байсан. Бид их ойр байдаг юм. Гэнэт ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Өглөө би мэдээллийн хөтөлбөр үзсэн. Тухайн хохирогч гээд байгаа хүн нь "Миний буруу байсан. Би болчимгүй үг хэлсэн" гэж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ асуудал Асашёорюүгийн хувьд гайгүй өнгөрөх нь гэж бодож байсан л даа. Гэтэл гэнэт зодог тайлах болсноо сая өөрөө зарлачихлаа.

-Бээжингийн олимпын үеэр Афины олимпын аварга, дэлхийн хошой аварга Японы жүдо бөхийн алдарт тамирчин Кейжи Сузукиг манай тамирчин Н.Түвшинбаяр давхар хамах мэхээр ялсан. Дараа нь япончууд жүдо бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан гэдэг үнэн үү?

-Тийм ээ, олимпын дараа жүдо бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан. Олон улсын жүдо бөхийн холбооноос манайд зохиогдсон "Chinggis khan world cup" тэмцээний өмнөхөн хөл мэх хориглосон юм.
Тэр дундаа давхар хамах, өмсөх, хонгодох, суйлах, тахимдах гээд манай жүдочдын голлож хийдэг мэхүүдийг хориглосон. IJF-д япончууд нэлээдгүй их мөнгө төлж байж дүрмэнд өөрчлөлт оруулсан гэж сонссон. Гэвч манай жүдочдын амжилтын буухиаг тасалж чадахгүй.

Үүнтэй адил Дагваа маань Японы алдарт Тайхр аваргын 32 түрүү, сүмогийн аварга Чиёонофүжи аваргын 31 түрүүлсэн амжилтыг эвдэхэд тун ойрхон байсан учраас япончууд хавчиж хяхсаар байгаад аваргыг зодог тайлууллаа л гэж бодож байна. Япончуудын үндэснийхээ спортын их аваргуудын амжилтыг гаднынханд, тэр тусмаа манайханд алдахаас айсан бодлого болов уу.

Гуравхан сая хүрэхгүй хүн амтай, хөгжлөөрөө Японоос доогуур, бүр нэлээд доогуур монголчуудад алдана гэдэг тэдний хувьд эмгэнэл. Ямартаа ч япончуудын энэ үйлдлийг дэлхий даяараа, тэр дундаа сүмо сонирхогчид Японы сүмо Монголын их аваргад гутамшигтайгаар ялагдлаа гэдгийг харлаа. Манай их аварга бусад сүмочид шиг япон эхнэргүй, япон иргэншилгүй монголоороо үлдсэн учраас тэднийг ялсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.