МҮЭХ: УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллах уриалга гаргана
Өнөөдрийн хурлаас УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллах уриалгад тусгах асуудлыг хэлэлцсэнээс гадна МҮЭ-ийн холбооны ээлжит их хурлыг угтсан үйл ажиллагаагаа эрчимжүүлэх 1 жилийн төлөвлөгөө гаргаж түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.
МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд буй зарчмын зөрүүтэй байгаа 7 асуудлыг нэг бүрчлэн таниулж, МҮЭ-ийн холбооны дүрэмд өгөх саналын төслийг танилцууллаа.
Уг саналын төсөлд найман асуудал туссан байна. Тухайлбал:
МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хороо ба аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хороо, анхан шатны ҮЭ-ийн хороонд Эмэгтэйчүүдийн хэсэгтэй байна.
Гишүүн байгууллагаас Ерөнхий зөвлөлд хоёроос дээш төлөөлөл сонгогдох тохиолдолд 50-аас доошгүй хувь нь эмэгтэй байна.
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурал МҮЭХ-оос Жендэрийн тэгш байдлын талаар баримтлах бодлого болон Эмэгтэйчүүдийн хорооны ажиллах журмыг батална.
МҮЭ-ийн холбоо нь эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн орон тооны бус дэд ерөнхийлөгчидтэй байна.
Эмэгтэйчүүдийн хорооны зардлыг үйл ажиллагааны төсвийн 5-аас доошгүй хувиар тооцон жил бүрийн төсөвт тусгаж байна гэжээ.
Хурлын төгсгөлд төлөөлөгчид өөрсдийгөө танилцуулж, өнөөдрийн арга хэмжээний талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Баянхонгор, Орхон зэрэг аймгуудаас ирсэн төлөөлөгчид хурлаар хэлэлцсэн асуудлууд цаг үеэ олсон, эмх цэгцтэй мэдээлэл авлаа хэмээн дүгнэсэн.
Ийм уулзалт, сургалт семинарыг орон нутагт бүсчилж зохион байгуулах, арга туршлагаа хуваалцахад бэлэн байгаа, МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хороо цаашид хамтардаг байгууллагын хүрээгээ улам өргөжүүлж, эрх нь зөрчигдөж буй олон мянган эмэгтэйчүүдийн зовлонг хөнгөлөхөд хүчээ нэгтэж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нийлснээр энэхүү хурал өндөрлөв.