Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана
2020.11.25

Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана

Төрийн зарим байгууллагын судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна.

Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм.

Японы эрдэмтэд болон нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг сайд Д.Сарангэрэлд даалгалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ живсэн машин, техникийг татаж гаргахад анхаарна гэдгээ нутгийн иргэдэд хэлж байсан юм.

Иймээс үүнд  биечлэн хяналт тавьж байхаар болжээ. Суурь судалгаа хийх, татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.