Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа
2020.11.27

Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ.

2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байна. Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явахаа илэрхийлжээ. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 5,300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байна.


Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8,500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргана. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна. Иргэд:

  1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно
  2. Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө
  3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна
  4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална
  5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө
  6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна
  7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна
  8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө

Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна. Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай. Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна. Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм.

Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөжээ.

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах сургууль, байршил
  1. СБД 4 дүгээр сургууль 9 дүгээр хороо Дөлгөөн нуур
  2. СБД 31 дүгээр сургууль 2 дугаар хороо Цирк
  3. ХУД 32 дугаар сургууль 11 дүгээр хороо Зайсан
  4. ХУД 15 дугаар сургууль 2 дугаар хороо Нутгийн буян
  5. ХУД 41 дүгээр сургууль 5 дугаар хороо Яармаг
  6. ХУД 114 дүгээр сургууль 9 дүгээр хороо Нисэхийн эцэс
  7. СХД 67 дугаар сургууль 8 дугаар хороо Баянхошуу
  8. СХД 62 дугаар сургууль 19 дүгээр хороо Содон хороолол
  9. СХД 106 дугаар сургууль 34 дүгээр хороо Толгойт, Орбит
  10. СХД Өнөр цогцолбор сургууль 17 дугаар хороо 1-р хороолол
  11. БГД 38 дугаар сургууль 4 дүгээр хороо Төмөр зам
  12. БГД 141 дүгээр сургууль 3 дугаар хороо Нарны хороолол
  13. БГД Эрдмийн өргөө 6 дугаар хороо 10 дугаар хороолол
  14. БГД Оюуны ундраа 18 дугаар хороо Модны хоёр
  15. БЗД 21 дүгээр сургууль 6 дугаар хороо 13 дугаар хороолол
  16. БЗД 44 дүгээр сургууль 16 дугаар хороо Улаанхуаран
  17. БЗД 87 дугаар сургууль 23 дугаар хороо Улиастай
  18. БЗД 102 дугаар сургууль 2 дугаар хороо Дарь эх
  19. ЧД 37 дугаар сургууль 17 дугаар хороо Чингэлтэй хуучин эцэс
  20. ЧД 39 дүгээр сургууль 10 дугаар хороо Дэнжийн 1000