“Эрээн хаалга” эдийн засгийн хөгжил даллан нээгдлээ
2011.09.11

“Эрээн хаалга” эдийн засгийн хөгжил даллан нээгдлээ

 
“Бид өнөөдрөө өөрсдөө бүтээсэн, тэгэхээр ирээд үй ч мөн бид нийх”. Энэ үгийг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Эрээн хотын иргэн Энэрэлт хэлсэн юм. Тэрбээр Эрээнд хүнсний жижигхэн мухлаг ажиллуулж, эхнэр нь хотоос зайдуу ногоо тарьдаг аж. Лангуун дээр нь эхнэрийнх нь тарьсан хаш, тарвас, манго, усан үзэм байхаас гадна энд үйлдвэрлэсэн бараанууд байна. Бүх бараа нь “Made in China” гэсэн шошготой учраас тэр дээрх өгүүлбэрийг надад итгэл дүүрсэн хэлсэн байх нь. Дээрх өгүүлбэр Энэрэлт болон бусад хятад, өвөрмонгол хүмүүст ч хамаатай. Эрээнд очиж үзээгүй монгол хүн цөөхөн байдгийн адил эндээс харь оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн олоход хэцүү. 40 мянган ам км газар нутагт орших 50000 хүрэхгүй хүн өөрсдийгөө төдийгүй хөрш зэргэлдээ гүрнээ тэжээж байгааг хараад тэднийг өөлөх шалтгаан олсонгүй.
Иргэдийнх нь 60 гаруй хувь нь худалдаа эрхэлдэг

40 жилийн өмнө энд элсээр шуурсан говь байсан гэхэд итгэх хүн цөөн. 1992 онд уг хот БНХАУын анхны нээлттэй хотын нэг болсноос хойш өдгөө Монгол, ОХУ-аар дамжин Европын зах зээлд хөл тавьсан худалдааны том бүс болжээ. Анх нээлттэй хот хэмээн зарлахдаа худалдаагаар дамжуулан хөгжилд хүрэх зорилт тавьсан нь өдгөө хэрхэн хэрэгжсэнийг Эрээн хотын дарга Чэнь Хөпин хэлсэн хэлээгүй бид мэдэх болсон. 2003 онд тус хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 150 сая юань байсан бол энэ тоо өнгөрсөн жилийн байдлаар 6.5 дахин өсөж 800 саяыг давжээ. Өдгөө экспортын хэмжээ нь 950 сая ам.доллар хүрсэн бөгөөд эд цөм нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гэдгээр нь тус хотынхон бахархдаг юм билээ. Энд ажилгүй хүн гэж байхгүй бөгөөд иргэдийнх нь 50 орчим хувь нь хувийн тариалантай, үүний зэрэгцээ 60 орчим хувь нь худалдаа эрхэлдэг аж.

Хөрөнгө оруулалтын салбар руу хэлбийнэ

Өдгөө тус хотын худалдааны бодлого хөрөнгө оруулалтын салбарт чиглэж, гадаад зах зээлд гарах, өрсөлдөх хүсэлтэй байгаагаа “Эрээний бизнес форум”-ын үеэр илэрхийлж байсан. Харин дотоодын үйлдвэрлэлдээ гаднынхныг оруулах тун дургүй юм билээ. Өнгөрснөө тэд өөрсдөө бүтээсэн учраас тэр. Дээр нь БНХАУ-ын гадаад худалдаанд баримтлах бодлогын дагуу импортоос экспортыг илүүд үздэг байна. Тус улс хотуудаа, тэр дундаа хилийн дагуух бүсүүдээ хөгжүүлж, улмаар тэд нь бие даасны дараа эргээд улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах их холын бодлоготой. Үүний нэг жишээ нь Эрээн хот. Эрээнд эзгүй талд зам тавьж байгаа хүмүүстэй тааралдлаа. Хэнд, юунд зориулж зам тавьж буйг асуухад “Зам тавиад өгчихөөр компаниуд энэ дагуу үйлдвэр, дэлгүүрээ барьж эхэлдэг юм аа” гэж байна. Юу хэлэх билээ дээ. Эрээн-Замын- Үүдийн хилийн заагт очсон монголчууд хөгжлийн бодлогын эрс тэрс ялгааг хараад хэрхэн санаа алддагийн учир энэ биз.

Үлэг гүрвэлтэй эдийн засгийн хөгжил

Эндхийн юм бүхэнд үлэг гүрвэлийн зураг бий. Баар, рестораны ширээ сандал, бүр зочид буудлынх нь салфетканд хүртэл үлэг гүрвэлийн дүрс байдаг. Тус хотын байгаа газар 70 сая жилийн өмнө үлэг гүрвэл нутаглаж байсны ул мөр болж, арав гаруй төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг олдсон бөгөөд энэ нь өдгөө Эрээний ирээдүйтэй хамаатах болов. Эрээн хот цаашдаа аялал жуулчлалын салбар хөгжүүлэхээр зорьж буй юм билээ. Тиймээс “Үлэг гүрвэлийн өлгий” хэмээх шинэ имиж бүрдүүлж, жуулчин татах сонирхолтой байгаа аж. Тус хот зөвхөн аялал жуулчлалаас 3.5 сая ам.доллар олох боломжтой учраас үлэг гүрвэлийн музей, цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Үүнд Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэнэ. Манайхаар дамжин ОХУ болон Европын жуулчид ирэх боломжтой учраас Замын- Үүдийн боомтыг хөгжүүлэх, шинээр боомт барих асуудалд нааштай хандаж байж мэднэ.

“Мо ч мөнгө”

Хэдэн жилийн өмнө Эрээний хүн тэрэгнүүд таван “мо”- гоор үйлчилдэг байсан гэнэ билээ. Өдгөө тэд 2-3 юаниар хүн зөөж байна. Гэвч тэд “мо”- гоор үйлчилж байхдаа бага гэж голж байсангүй. Учир нь мо ч мөнгө. Өдгөө ч Эрээнд “мо”- гийн дэлгүүр бий. Мөнгөний үнэ цэнийг мэддэг учраас тэд гудамжиндаа хог хаядаггүй, “мо”-гийн бараа зарж байгаадаа ч гомдоллодоггүй. Долоон “мо”-гийн үнэтэй шүдний чигчлүүрийн үйлдвэр л гэхэд жилдээ сая ширхгийг үйлдвэрлэдэг болохоор аргагүй биз. Саяхан болж өнгөрсөн “Эрээний бизнес форум”-ын үеэр л гэхэд 930 сая ам.долларын худалдааны гэрээ байгуулсан гээд бодохоор тус хот хэрхэн томорсныг харж болно.

 

БНХАУын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 67.8 тэрбум ам.долларт хүрч өсөхөд төвийн бүсийн томоохон хотууд нөлөө үзүүлсэн бол өдгөө Эрээн, Шинжаан, Гуаньжоу хот хувь нэмрээ оруулж эхлэхээр төлөвлөж байгаа юм билээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд манай хоёр хотын гадаад худалдаа 65 хувиар өсөж, 3.9 тэрбум ам.долларт хүрсэн" тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн. Эрээн хот газар зүйн ашигтай байрлалтайнхаа хувьд БНХАУ-ын дараачийн Бээжин, Шанхай болж магадгүй хэмээн тэд дурджээ. Удахгүй тус хотод БНХАУ, Европын эдийн засгийн форум үүдээ нээх юм билээ. “Эрээн хаалга” дэлхий дахинд үүднээ нээж байна. Энэрэлтийн бүтээлцсэн Эрээн хотын эдийн засаг ч томорч эхлэв. Ирээдүйд тэд аялал жуулчлал, хөрөнгө оруулалт гэх хос морьтойгоор урагшлах юм гэнэ лээ, энд харин бид санаа алдаад л хоцрох уу?

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.