Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд
2010.09.06

Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд

Ашигт малтмалын нөөцөөрөө Монгол улс дэлхийд толгой цохиж явна. Зэс, алт, нүүрс, уранаас эхлээд газрын ховор элемент хүртэл манайд бий. Гэвч баялгаасаа болоод баларсан орнууд байхад баларсан орнууд ч мөн цөөнгүй. Бусдын алдаанаас суралцаж, туршлагаас солилцохын тулд “Өнөөдөр” сонин ашигт малтмалаар баялаг орнуудын хөгжлийн түүхээс толилуул байна. Чили, Боливи хоёр улс хил залгаа оршдог, адилхан байгалийн баялагтай атлаа эдийн засаг нь хоёр өөр замаар салаалан хөгжжээ.

Чили

Тусгаар тогтносон өдөр: 1810.09.18
Хүн ам: 17.031.873
ДНБ: 2008 оны байдлаар: 246.2 тэрбум доллар
Нэг хүнд ногдох ДНБ:14.673 доллар
Төсвийн орлого:2008 онд44.79 тэрбум доллар
Төсвийн зарлага:2008 оны байдлаар35.09 тэрбум доллар
Инфляц:2008 онд 8.7 хувьтайгарчээ
Үндэсний валют:Чилийн песо

 


Эрдэс баялгийн орлогоо хамгийн амжилттай удирдаж буй орныг нэрлэ гэвэл яах аргагүй Чили санаанд буух биз ээ. Дэлхийн зэсийн зах зээлийн 30 хувийг дангаараа атгадаг энэ улс төсвийн орлогоо маш чамбай зарцуулж чаддагаараа зартай. 4630 км сунаж байрласан нутаг дэвсгэр нь ой, дөл бүгдийг багтаажээ. Нутгийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх агаарын температурын ялгаа нь 10 градуст хүрдэг гэж байгаа.

1535-1550-иад онд испаничууд Чилийн нутгийг эзлэх үедээ ашигт малтмалын арвин нөөцтэйг нь мэдэлгүй, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаардаг байжээ. XV11I зууны дунд үеэс л Чилийн эдийн засагт зэсийн олборлолт чухал байр суурь эзлэх болсон байна. Харин 1810 онд Чилийн ард түмэн испаничуудыг шахаж, тусгаар тогтнолоо зарлажээ. 1837 онд тус улс Аргентин улстай хамтран Боливийн эсрэг дайтсан нь амжилттай болж, Номхон далайн I, II дайны үеэр Өмнөд Америкийн баруун хэсгээр өөрийн байр сууриа бататгав. Мөн энэ үеэс зэс үйлдвэрлэхийн хажуугаар нүүрс, мөнгө олборлох болжээ. Үүний үр шимээр Чилийн эдийн засаг огцом өсөж эхэлсэн байна.

Гэвч бүх зүйл амар бүтсэнгүй. 19704973 онд Салъвадор Альенде Чилийн төрийн эрхийг барихдаа аж ахуйн нэгж, банкуудыг хувьчилж, хөдөө аж ахуйн салбарт ч шинэчлэл хийж эхэлсэн нь олон улсын томоохон корпорациудын дургүйцлийг төрүүлж байжээ. Энэ шинэчлэл амжилттай хэрэгжээгүйн зэрэгцээ эдийн засгийн уналт, улмаар хямралыг дагуулсан юм. Чилийн нутаг дэвсгэрт эмх замбараагүй байдал ноёлох болж, эсэргүүцэл, ажил хаялт энгийн үзэгдэл болжээ. Чухам энэ үед л Августо Пиночет төрийн эрхийг булаан авч, дарангуйллаа тогтоосон байна. 1974-1990 оныг хүртэл Чилийн Ерөнхийлөгч байсан Августо Пиночетын үед 30.000 хүн хэлмэгдэн амиа алдсан гэдэг. Гэвч чухам түүний үед л Чилийн өнөөгийн эдийн засгийн баттай, сайн суурь тавигдсан гэж үзэх хүн цөөнгүй. Тэрбээр 1976 онд төрийн өмчит "Codelco" компанийг байгуулсан нь эдүгээ зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй. 1989 онд Чилли нь ардчилсан орон болсон ч Августо Пиночетын үед хүчин төгөлдөр болсон Үндсэн хууль одоо хүртэл үйлчилж байгаа юм.

 Уул уурхайн салбар Чилийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг нь ойлгомжтой. Дэлхийн зэсийн зах зээлийн 30 хувийг эзэлдэг энэ улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талд түлхүү анхаардаг аж. Гэвч зэсийн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэхийн хэрээр Чилийн эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болж байлаа. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ унахад төсвийн орлого нь шалдаа бууна гэдгийг тус улсын эрх баригчид эрт ухамсарлажээ. Тиймээс эрдэс баялгийн орлогоо уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхэд зарцуулсан байна. Эдүгээ металлург, мод боловсруулах, хүнс болон оёдлын үйлдвэрлэл Чилид чамлахааргүй хөгжсөн. Мөн загасчлал болон ойн аж ахуй давамгайлсан хөдөө аж ахуйн салбар нь Чилийн ДНБ-ны долоон хувийг бүрдүүлдэг аж. За тэгээд улаан буудай, чихрийн нишингэ, усан үзэм, төмс, жимс тариалдаг байна. Үүний: хажуугаар үйлчилгээ, ялангуяа технологийн салбар нь үлэмж ихээр хөгжиж буй аж. Өдгөө тус улсын эрх баригчид боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаардаг болжээ. Чилийн Засгийн газар Европын холбооны орнуудтай чөлөөт худалдааны гэрээтэй бөгөөд БНХАУ, АНУ, Япон, Бразилийн худалдааны сайн түнш юм байна.

 2008 онд Чили улс зэс, жимс, загас, цаас мэтийн нийт 66.46 тэрбум долларын экспортыг Хятад, АНУ, Япон, Бразил зэрэг оронд хийжээ. Тус улсын импортод нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хий, автомашин зэрэг нь жин дардаг бөгөөд 2008 онд 57.61 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүн гадаадаас авсан байна.

 

Чилийн дэд бүтэц маш сайн хөгжсөн учраас гадаадын хөрөнгө оруулалт асар ихээр орж ирдэг аж. 80 мянган км үргэлжилсэн авто зам, 8100 км төмөр замын зэрэгцээ усан тээвэр ч Чилийн дэд" бүтцэд голлох байр суурь эзэлдэг байна.

 

Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалахын тулд 2000 оноос төсвийг тогтвортой байлгах санаачилга гаргаж, уул уурхайн орлогынхоо дийлэнх хэсгийг нөөцөлдөг болжээ. Ингэхдээ зэсийн үнийн олон жилийн таамаглал гаргадаг мэргэжлийн тусгай хүмүүстэй болж, улсын төсвөө урт хугацаагаар төлөвлөдөг болсон байна. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын хамгийн хүнд үед буюу 2008 онд хүртэл Чили 44.79 тэрбум долларын орлогыг төсөвтөө төвлөрүүлсэн боловч ердөө 35.09 тэрбумыг нь зарцуулж, үлдсэнийг нь нөөцөлжээ.

Боливи

Тусгаар тогтносон өдөр: 1825.08.06
Хүн ам: 9.775.246
ДНБ: 2008 оны байдлаар 43.57 тэрбум доллар
Нэг хүнд ноогдох ДНБ: 4245 доллар
Төсвийн орлого:2009 онд 7.94 тэрбум доллар
Төсвийн зарлага: 2009 онд 8.31 тэрбум доллар
Инфляц:2009 оны байдлаар 4.3 хувьтай гарчээ
Үндэсний валют:Боливийн песо


Өмнөд Африкийн товд орших Боливи улс Чилитэй хил залгаа оршдог хэрнээ ядуугийн туйлд хүрсэн нь хачирхалтай. Байгалийн хийн нөөцөөрөө Өмнөд Америктаа Венесуэлийн дараа буюу хоёрдугаарт ордог. Үүний зэрэгцээ цагаан тугалга, газрын тос, цайр, гянтболд, мөнгө, төмөр, алтны нөөцтэй бөгөод ой, усаар баян. Гэвч Олон улсын валютын сангийн судалгаагаар Боливийн хүн амын 70 гаруй хувь нь ядуу хэмээн гарсан байна.

1532-1538 онд мөн л испаничуудад эзлэгдэж, колоничлогдож байсан энэ орон 1825 онд тусгаар тогтнолоо зарласан боловч ард иргэд нь тайван амьдарна гэдгийг мэдэлгүй өдий хүрлээ. "Хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэнэ" гэдэг шиг эцэс төгсгөлгүй үргэлжлэх гадаад, дотоод дайн энэ улсын хөгжлийн тушаа болж байгаа юм.

 

1879-1883 онд болсон Номхон далайн II дайны үеэр боливичууд ялагдал хүлээж, эцэстээ Номхон далайд гарах гарцаа Чилид алджээ. Эдүгээ тус улс Монголын нэгэн адил далайд гарцгүй орон болой. 1952 онд томоохон хувьсгал болсноос хойш бараг жил бүр л хувьсгал болж, төрийн эрх баригчид нь толгой дараалан солигдож эхэлжээ. Эмх замбараагүй байдал, иргэний дайн Боливийн хувьд өдөр тутмын үйл явдал болсон байна. Сүүлдээ тус улсын иргэний хөдөлгөөнүүд байгалийн хийн салбараа төрийн мэдэлд авахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлсэн гэдэг. Ард түмнийхээ энэ хүсэл, сонирхолд тоглолт хийн өнөөгийн Ерөнхийлөгч Эво Моралес нь 2009 онд засгийн эрхэнд гарчээ. Тэрбээр хийн үйлдвэрлэлийг төрийн мэдэлд авч, Америкийн "ExxonMo­bil", Испанийн "Repsol", Бразилийн "Petro-bras", Францын 'Total", Их Британийн "British Gas" зэрэг олон улсын томоохон корпорацитай хийсэн бүх гэрээг хүчингүй болгоно гэдгээ амласан байна. Түүнчлэн гадаад өрөө төлөхөөс татгалзаж, кокайн гаргаж авдаг кок ургамлын тариалалтыг нэмэгдүүлнэ хэмээн ард түмэндээ тунхаглажээ. Эдүгээ Боливи улс Колумб. Перутэй зэрэгцэн дэлхийн кокайны зах зээлийн гол нийлүүлэгчдийн нэг болсон нь мэдээж АНУ-аас эхлээд бусад орны эрх баригчдын дургүйцлийг хүргэж байгаа юм.

2009 онд Эво Моралес шинэ Үндсэн хууль санаачлан батлуулахдаа улсынхаа нэрийг Олон үндэстний Боливи улс болгон өөрчилсөн байдаг. Түүнчлэн эдийн засгийн тулгуур салбаруудаа төр хянадаг болжээ. Байгалийн хий болон бусад эрдэс баялгийн нөөц ард түмний өмч хэмээн шинэ Үндсэн хуульдаа тусгасан ч боливичууд энэ бүхний үр шимийг хүртэж амжаагүй л явна. Тус улс дахь эмх замбараагүй байдал өнөөдөр ч үргэлжилсээр...

 Потоси хотын эрх баригчид эсэрүүцэл зарлан, иргэд нь гурван долоо хоногийн турш жагсаж байгааг "Latin Ameri­can Herald tribune" өчигдөр мэдээлэв. Олон улсын нисэх буудал, цементийн үйлдвэр, авто замд хөрөнгө оруулахыг Эво Моралесаас шаардаж буй иргэд зөвхөн төр засаг нь улс орныхоо хөгжилд анхаарах хэрэгтэйг сануулж буй аж. 500 жилийн өмнө испаничууд энэ хотод мөнгөний асар их нөөц байгааг тогтоож, өнөө хүртэл олон уурхай ашиглагдаж буй боловч дэд бүтэц авах юмгүй. Хүн ард нь ядуу хэвээр үлдсэнд Потосигийн эрх баригчид эгдүүцэж байгаа юм.

Боливийн нэг хүнд ногдох ДНБ 4.6 мянган доллар байгаа нь маш бага үзүүлэлт ажээ. Латин Америкийн бусад орнуудаас зөвхөн Гондурас, Парагвай, Никарагуа л үүнээс бага үзүүлэлттэй байна. Үйлчилгээний салбар тус улсын ДНБ-ий дийлэнх хэсэг буюу 52 хувийг бүрдүүлдэг гэх тооцоо бий. Уул уурхайн олборлолт их явагддаг ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаггүй учраас эдийн засгийн өсөлтөд нь төдийлөн нэмэр болдоггүй гэнэ.

 

2008 онд Боливи улс 6.4 тэрбум долларын экспорт хийсний дийлэнх хэсгийг байгалийн хий, түүхий нефть, цайрын баяжмал, цагаан тугалга эзэлж байна. Мөн хугацаанд тус улс 4.6 тэрбум долларын импорт хийжээ. Бразил, АНУ, Япон зэрэг оронтой худалдаа хийдэг боливичууд эдгээр оронд газрын тосоо түүхийгээр нь өгчихөөд, эргүүлээд тэднээсээ нефтийн бүтээгдэхүүн өндөр үнээр худалдаж авдаг нь өрөвдөлтэй. Уул уурхайн салбар нь улсын төсөвт багагүй хэмжээний хөрөнгө төвлөрүүлдэг ч тэр бүхнээ ядууралтай тэмцэхэд зарцуулсаар юу ч үгүй хоцордог аж.

 

Ядуурал, ажилгүйдэл газар авсны зэрэгцээ тус улсад хээл хахууль байдаг л үзэгдэл болжээ. Дэлхийн банк далд эдийн засгийн судалгаа гаргахад Боливи улс 151 орноос хамгийн дээгүүрт цохиж явна. Боливийн далд эдийн засаг ДНБ-ийхээ 68.1 хувьд хүрчээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.