Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2015 онд Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалахын багц хууль, Монгол Улсын хилийн тухай хуулийг тус тус шинэчлэн баталсан.
Эдгээр хууль тогтоомжийн шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон байна. Тухайлбал, салбарын хууль тогтоомжуудын нэр томьёо, хуулийн зохицуулалтыг нэг мөр болгох, Зэвсэгт хүчний жанжин штабыг хуульд заасан чиг үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хилийн тагнуулын албыг дахин байгуулах, хил залгаа улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний анги, салбарын ерөнхий цэргийн тагнуулын дарга, салбар, нэгжийг иж бүрэн, мэргэжлийн удирдлагаар удирдан зохион байгуулах зэрэг хэрэгцээ шаардлага бий болсныг төслийн танилцуулгад дурдсан байна.
Иймд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулсан байна.