2020.12.02
М.Оюунчимэг: Орон нутагт жендэрийн тэгш эрхийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:
Орон нутгийн удирдлагууд дээр хүүхэд хамгааллын мөнгө, жендэртэй холбоотой мөнгө гээд нэн шаардлагатай мөнгүүдийг зарцуулах ёстой юманд нь зарцуулахгүй өөр юманд зарцуулаад явдаг асуудал маш түгээмэл болсон байна. Жендэрийн санхүүжилттэй холбоотой асуудал бол огт байдаггүй. Одоо бид нар үүнийг ХЭҮК-д санамж өгөөд байх уу, хуульд нь өөрчлөлт оруулах эсвэл арга хэмжээ авах механизмыг яаж тогтоох вэ? Та бүхний гаргасан энэ асуудал хэрэгжээд явах нь нэн чухал байна.
Нэгт шийдвэр гаргах түвшиний болоод улс төр дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ, хоёр дахь нь хөдөлмөрийн зах зээл дээр. Ялангуяа шийдвэр гаргах болон гүйцэтгэх түвшин дээр гэж байгаа юм. Энэ зүгээр нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш байх тухай асуудал биш хөгжлийн асуудал гээд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдчихөөд байхад ялангуяа орон нутагт маш доогуур хэмжээнд байна. Тухайн байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хийх гэрээнүүд. Үүнийг хөдөлмөрийн хуулиар хамгаалж өгөх, энэ нь хэрэгжихгүй бол зөрчлийн хууль эсвэл эрүүгийн хуулиар арга хэмжээ авах механизмыг тогтоож өгөхийн тулд та бүхэн бэлэн байна уу? УИХ-ын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийг хамгаалах хууль манайд байхгүй байна. НҮБ-ийн Хүний эрхийн комиссоос Монгол Улс Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах хуулийг яаралтай гаргах шаардлагатай байна гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байгаа. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хууль ямар түвшинд явж байгаа вэ? Энэ яагаад гацчихаад байна вэ?
Түүний асуултанд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул хариуллаа.
Орон нутагт бол Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль маш хангалтгүй хэрэгжиж байгаа. Бид үүнд чиглэсэн гурван зөвлөмжийг гаргаад байна. НББХ тогтоол гаргаад, Засгийн газарт үүрэг хүлээлгээд ХЭҮК мониторинг хийгээд явбал зүйтэй гэж харж байна. Засгийн газрын тайланг сонсох хэрэгтэй. Засгийн газрын тайланг Жендэрийн үндэсний хороо бэлтгээд явж байгаа юм.