Хамгийн шилдэг бизнес бол дайн
2011.09.23

Хамгийн шилдэг бизнес бол дайн

Ливийн дайнаас хэн хамгийн их ашиг олох тухай, энэ улсын нефть, байгалийн хий, цэвэр усны орлого хэнд очих талаар “Asia Times” сонины материалыг ашиглан бэлдэв. 

 

Худал хуурмаг, хүчтэний өмнө долигонож бөхийх, нууц төлөвлөгөө гээд Ливийн “жижигхэн дайн”-д олон хар нүх бий. Дэлхийн дэвшилтэт үзэлтэй хүмүүс яагаад ч юм Муаммар Каддафийн харгис дэглэм болон Англи-Францын “хүмүүнлэгийн тусламж”-ийг нэгэн зэрэг шүүмжлэх чадваргүй байна.


Ер нь Ливийн дайн бол дэлхийн түүхэнд гарч байгаагүй үзэгдэл. Энэ нь энгийн номхон иргэдийг хамгаалахтай огт холбоогүй, тэр бүү хэл олон улсын эрх зүйн хэм хэмжээний үүднээс авч үзвэл хууль бус алхам билээ. Тэд эцсийн зорилгоо ил яриагүй, ярих ч үгүй. Гэхдээ үүнийг Африкийн өлсгөлөн хүүхдүүд ч ойлгож байгаа. Тэд Ливийн эрх барьж байгаа дэглэмийг унагаж, өөрсдөө энэ ард түмний байгалийн баялгаас хүртэх гэж л энэ дайныг дэгдээсэн. Тэгэхээр дайн дажнаас илүү ашиг орлоготой бизнес гэж үгүй бололтой.


Шоу буюу бөмбөгдөлт үргэлжилсээр байна. НАТО дахин 3 сарын турш Ливийг бөмбөгдөхөө зарлалаа. Тэгэхээр Ливийн иргэний дайн ойрын хугацаанд дуусахгүй нь ойлгомжтой. Энэ дайн төгсгөл болсон цагт л өнгөрсөн үйл явдалд дүгнэлт хийж чадна. Дэлхийн тусгаар тогтносон нэг улсыг нөгөө хэд нь нийлээд агаараас бөмбөгдөж, Томагавк пуужин харвах нь зөв байсан уу? Тэд яагаад дорнод нутаг т амьдардаг иргэдийг “хамгаалж”, харин Триполийн ард иргэдийг пуужингаар хөнөөсөн юм бол? Босогчид гэгддэг дээрэмчид тонуулчдаас бүрдсэн багийг өрнөдийнхөн хэрхэн цалинжуулж, зэвсэглэн аварсныг дэлхийн олон нийт тэр бүр мэдэх бил үү? Эдгээр үйлдэл ер нь хууль ёсных мөн үү?


НҮБ-ын тогтоол үнэндээ Ливийн эрх барих дэглэмийг солих халхавч болсон билээ. Удахгүй Ливийн “хувьсгалчид” ба өрнөдийнхний “гал халуун дурлал” цуст салалтаар төгсөх нь гарцаагүй. Бэлээхэн жишээ бий, Афганистаныг сана даа. Дайн дэгдээсэн өрнөдийн орнуудаас хэн нь шинэ Ливиэс илүү ашиг хүртэхийг тааж ядах юмгүй. Тэд Ливийг Балкан шиг хувааж ч болзошгүй юм. Ливийн дайнаас хожоо харагсдын жагсаалтыг танилцуулъя.

Пентагон

Пентагоны тэргүүн Роберт Гейтс Ойрхи Дорнодод гуравхан дарангуйлагч дэглэм байдаг гэж мэдэгдсэн. Тэдгээр нь Иран, Ливи, Сири юм байна. Харин түүнийхээр бол Саудын Араб, Йемен, Бахрейн улсууд нь арчиллын үлгэр жишээ юм байх. Үнэндээ Пентагон энэ дайныг 2 дахь удаагаа явуулсан гэж хэлж болно. Африкийн бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хүчний командлал (AFRICOM) анх энэ дайны суурийг тавьсан. Жорж Бушийн захиргааны санаачилгыг Барак Обама дэмжиж, хүч нэмсэн билээ, харин Африкийн олон орон, эрдэмтэд, хууль сахиулах байгууллагууд эрс эсэргүүцэн, няцаасаар байлаа. Дайны удирдлага дараа нь НАТО-д шилжсэнийг бүгд мэднэ. Энэ бол үнэндээ Европ тив дэх Пентагоны эрх барьж буй бас нэгэн хэлбэр.
Африк-америкийн судалгаа, улстөр судлалын “Сиракуз” их сургуулийн эрдэмтэн Хорас Кэмпбелл “AFRICOM бол тэр чигээрээ луйвар. Энэ нь нэг ёсондоо Африкт ажилладаг цэргийн үйлдвэрлэлийн гүйцэтгэгч байгууллагууд Dyncorp, MPRI, KBR зэргийн өнгөлөн далдлалт юм. Дайныг төлөвлөсөн америкчууд ийнхүү цэрэг, армийн ажиллагааг “хувьчлан” их хожиж байна. Тэд Ливийн интервенцийн бамбай дор Африкийн командлалын нэр хүндийг өргөж, илүү их жинтэй болгохдоо тун ч баяртай байгаа” хэмээн мэдэгджээ. AFRICOM-ийн Томагавк пуужингууд нь үнэн хэрэгтээ Африкийн холбоонд ч цохилт өгсөн. Арабын орнуудын Лигиэс ялгаатай нь энэ байгууллага өрнөдөд захирагддаггүй. Персийн булангийн нефтийн хаант улсууд бүгд бөмбөгдөлтийг дэмжсэн. Зөвхөн Египет, Тунис л дэмжээгүй. Ер нь АНУ-ын Африкийн командлалд захирагддаггүй 5хан улс энд бий. Тэдгээр нь Ливи, Судан, Зааны ясан эрэг, Эритрей,  Зимбабве. Гэхдээ одоо Ливи энэ жагсаалтаас хасагдах нь ойлгомжтой.

НАТО

НАТО-гийн баримталдаг жанин шугам бол Газар дундын тэнгисийг НАТО-ийн цөөрөм болгох. Иймээс өнөөдөр энэ тэнгис маань дайны театр болж хувирсан ба Афганистан болон Пакистанаас ч чухалд тооцогдож байна. Газар дундын тэнгисийн 20 орноос зөвхөн 3 нь НАТО-д багтдаггүй байсан. Тоочвол Ливи, Ливан, Сири. Одоо Ливи хасагдсан, иймээс НАТО-гийн дараагийн бай нь Сири. Ливаны хувьд гэвэл НАТО 2006 оноос эхлэн энэ улсын эсрэг хориг тавин ажиллаж байгаа. АНУ одоо НАТО-гийн тусламжтайгаар энэ аргыг өөр тивд ч хэрэгжүүлж мэдэх юм.

Саудын Араб

Хаан Абдалла өөрийн мөнхийн дайсан Каддафигаас ашгүй нэг ангижрах нь бололтой. Саудууд өрнөдийнхөнд таалагдах гэж өрөвдөм, дорд байдлаар долигонон гүйлдсээр байна. гэсэн хэрнээ Саудын Араб өнөөдөр Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн тэргүүн Абдурахману аль-Атыйд ч тушаал буулгадаг болжээ.

Катар

2022 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улс яаж гэрээ хэлэлцээр байгуулдгийг сайн мэднэ. Катарын “Зэрэглээ” хэмээх сөнөөгч онгоцууд нь Ливийг бөмбөгдөхөд тусалсан. Доха үүний зэрэгцээ Ливийн урд нутгуудын нефтийг зарахад бэлдэж байсан юм. Тэгээд Катар улс нь нефть зарах гэрээ байгуулсны маргааш өдөр л Ливийн босогчдыг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл Арабын орнуудаас хамгийн түрүүнд.

Франц

Франц улс Ливийн дайнд ямар үүрэг гүйцэтгэснийг бүгд мэднэ. Каддафи Францын бөмбөгдөгч онгоц болон атомын цахилгаан станцаас татгалзаж зүрхэлсний дараа Ерөнхийлөгч Николя Саркози уурандаа багтарч үхэх шахсан гэдэг. Одоо харин Саркози хариугаа авч чадлаа. Иймээс л тэр хамгийн түрүүнд Каддафийг бөмбөгдсөн, мөн өнөөдөр Арабыг чөлөөлөгчийн дүрд баяр хөөртэйгээр тоглож байна. Саркози л Европын удирдагчдаас хамгийн түрүүнд Ливийн босогчдыг хүлээн зөвшөөрсөн билээ. Орчин үеийн Наполеон болох хүсэлтэй Саркозийн бас нэг хоч нь Терминатор. Тэр одоо юуны ч өмнө зогсохгүй. Саркози Арабын бүх эзэн хаадад хандан, хэрэв эсэргүүцлийг хүчээр дарвал Ливи шиг бөмбөгдөнө гэж мэдэгдлээ. Тэр бүү хэл дараагийн улс нь Зааны ясан эрэг гэсэн. Мэдээж, Бахрейн болон Йемен энд хамаагүй.

Аль-Каида

Англи, Франц, Америкийн консорциум (тодруулбал НАТО) өнөөдөр “Аль-Каида”-тай хамтран тулалдаж байна. Осамо бин Ладены хий үзэгдэл дахиад л Пентагоныг өөрийн төлөө ажиллуулж чадлаа.

Усыг хувьчлагсад

Ливи болон Египет улсууд нь Нубийн усаар баялаг давхарлаг дээр оршдогийг хүмүүс тэр бүр мэддээгүй. Өөрөөр хэлбэл эдгээр орон нь маш үнэтэй цэнгэг усны нөөцтэй. Иймээс Ливийн ил ба далд дайн нь үнэндээ усны төлөөх дайн юм. Усны энэ давхарлагийг хянаж, эзэмшиж чадвал ирээдүйд асар өндөр үнэд хүргэх юм. Иймээс л “зэрлэг, бүдүүлэгчүүд”-ээс байгалийн нөөц, баялгийг “хамгаалах” шаардлага өрнөдийнхөнд үүссэн аж.


Усны энэ “эзэнт гүрэн” маш гүнд оршдог ба элсэн цөлд 4000 км талбайг эзэлдэг. Каддафи 25 тэрбум доллараар “агуу, хиймэл гол”-ыг байгуулсан. Тэгэхэдээ тэр Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас нэг ч цент зээлээгүй. Гэтэл өнөөгийн ертөнцөд хөгжиж буй орнууд заавал зээл авах ёстой гэсэн бичигдээгүй, харгис хууль үйлчилдэг шүү дээ. Өнөөдөр Каддафийн гол нь Триполи, Бенгази хот болон Ливийн эрэг дагуух бусад хотыг усаар хангаж байгаа. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ голын хэмжээ нь Нил мөрний 200 жилийнхтэй тэнцэх аж.


Одоо Францын эгч дүү гурвын тухай дурсах цаг боллоо. Францын “Veolia” (хуучин нэр нь Vivendi), “Suez Ondeo” (хуучин нэр нь Generale des Eaux), “Saur” гэсэн 3 компани дэлхийн усны зэх зээлийн 40 гаруй хувийг хянаж байдаг. Хэрэв хиймэл голын ус дамжуулах хоолойнуудыг бөмбөгдөж устгавал Франц улс тэдгээрийг нөхөн сэргээх маш ашигтай гэрээ байгуулах юм. Эцэст нь өнөөдөр үнэ төлбөргүй байгаа энэ усыг хувьчлах асуудал ч хөндөгдөх нь зайлшгүй.


Нэмж өгүүлэхэд Ливи орон уснаас гадна нефть, хийгээр баялаг. Эдгээр баялагийг төлөө өрнөдийнхөн одоо хоорондоо хөлөө жийлцэх байх. Үнэхээр дайнаас илүү бизнес гэж юу байх вэ дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.