Америк улс 121 жилийн хугацаанд дэлхийн 50 улсад 130 удаа халджээ
2011.05.12

Америк улс 121 жилийн хугацаанд дэлхийн 50 улсад 130 удаа халджээ

Вашингтоны нисгэгчгүй онгоцууд өөрийн нь газар нутаг дээгүүр сэлгүүцэж, дуртай зүйлээ хийж байгааг харсан Пакистаны эрх баригчид эсэргүүцэл зарлаад ч нэмэр болсонгүй. Гэхдээ энэ нь АНУ-ын хувьд анхны удаагийнх ч биш, мэдээж сүүлчийнх ч биш.


Америк гүрэн дэлхийд ноёрхлоо бататгаж, цэргийн корпорациудаа ажилтай байлгахын тулд сүүлийн 121 жилийн дотор дор хаяж 50 улс руу 130 удаа халдсан байна. “The News”-ийн судалгаагаар АНУ хамгийн анх 1890 онд Аргентины хэрэгт хөндлөнгөөс оролцжээ. Америкийн цэрэг арми Панамд 8 удаа (1895, 1901-1914, 1908, 1912, 1918-1920, 1958, 1964, 1989), Никарагуад (1894, 1896, 1898, 1899, 1907, 1910, 1912-1933), Гондураст (1903, 1907, 1911, 1912, 1919, 1924-1925, 1983-1989), Хятадад (1894-1895, 1898-1900, 1911-1914, 1922-1927, 1927-1934, 1948-1949, 1958) халдан байсан аж. Өөрөөр хэлбэл улс орон бүрт дунджаар 7 удаа нэвтэрч байв.

 

Тэрчлэн америкчууд Кубад 6 удаа (1898-1902, 1906-1909, 1912, 1917-1933, 1961, 1962) очиж, Ираны хэрэгт 5 удаа (1946, 1953, 1980, 1984, 1987-1988) хошуу дүрсэн. Харин дараах орнуудын нутагт тус бүр 4 удаа халдсан, жишээлбэл Гаити (1891,1914-1934, 1987-1994, 2004-2005), Доминикан улс (1903-1904,1914,1916-1924,1963-1966), Югослав (1919,1946,1992-1994, 1991-1993), Ирак (1958, 1963, 1990-1991, 1991-1993), Филиппин (1898-1910, 1948-1954, 1989, 2002).

 

Дэлхийн хүчирхэг энэ улсын цэргүүд тус бүр 3 удаа Солонгос (1894-1896, 1904-1905, 1945-1953), Ливи (1981, 1986-1989, 2011), Гватемал (1920, 1954, 1966-1967), Йемен (2000, 2002, 2004), Либери (1990, 1997, 2003) руу халдсан аж. Харин тус бүр 2 удаа Чили (1891, 1964-1973), Мексик (1913, 1914-1918), Пуэрто-Рико (1898, 1950), Эль-Сальвадор (1932, 1981-1982), Герман (1948 , 1961), Лаос (1962, 1971-1973), Сомали (1992-1994, 2006), Афганистан (1998, 2001) орнууд руу довтолж байсан.

 

Дэлхийн I, II дайнаас гадна АНУ-ын байлдааны ангиуд дор хаяж 1 удаа Аргентин, Самоа, ОХУ, Гуам, Турк, Уругвай, Грек, Вьетнам, Индонези, Камбоджа, Оман, Македон, Сири, Пакистан, Боливи, Виргины арлууд, Заир (Конго), Саудын Араб, Кувейт, Ливан, Гренада, Ангол, Судан, Албани, Босни, Колумбад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан юм.

 

АНУ-ын Баруун өмнөд Азийн мэдээллийн бүлгийн гишүүн Золтан Гроссман “9-р сарын 11-ний халдлагын дараа гэм буруутнууд шийтгэл хүлээх ёстой гэж дэлхийн ихэнх хүмүүс үзэх болсон. Гэхдээ мянга мянган хүний амийг хороохгүйгээр энэ боломжгүй. Манай улстөрчид удаан хугацааны турш бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцож ирлээ. Үүний уршгаар энгийн иргэд ч олноор амь үрэгдэж байна. Гэтэл АНУ-ын цэргийнхэн үүнийг байх л ёстой зүйл, дайны төлөөс гэж үздэг. Америкийн иргэдийг алах нь буруу гэдгийг нотлохын тулд тэд бусад орны мянга мянган энгийн иргэдийг алахад бэлэн байна” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ыг шүүмжилж, “эрх чөлөө”, “иргэдийг хамгаалах” нэрийн дор шинэ, шинэ дайн дэгдээдэг гэжээ.

 

Америкчууд батлан хамгаалах зорилготой хэмээн эхлээд мэдэгддэг ч цэргийнхэн нь сав л хийвэл халдан довтолж, алдаа гаргадгийг Золтан Гроссман тэмдэглэж байна. 1998 онд Дорнод Африкт 2 Элчин яамыг дэлбэлсний дараа АНУ “өшөө хорслоо тайлах” гэж Афганистан дахь Осама бин Ладены сургуулилтын лагериуд төдийгүй Суданы эмийн үйлдвэрийг химийн зэвсгийн үйлдвэр хэмээн андуурч дайрсан юм. Үүний хариуд Осама бин Ладен 2000 онд Йеменд байсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг рүү довтолсон.


АНУ 1960-аад оны эхээр Карибын тэнгисийн сав нутагт эргэн ирсэн. Тэд Кубад халдлага үйлдсэн ч баларсан. Харин дараа нь тэд 1965 онд Доминиканы сонгуулийн үеэр тус улсад довтлон орж, бөмбөгдөж байлаа.   АНУ-ын Тагнуулын Төв газар Майамид сөрөг үзэлтэй кубачуудыг орогнуулж, сурган бэлтгэж улмаар Куба руу террорист ажиллагаа хийлгэхээр илгээдэг байжээ. АНУ хүйтэн дайны үед ч өөрт талтай дэглэмийг байгуулахын тулд Иран, Чили, Гватемал, Индонези зэрэг олон оронд тусалж байсан юм.

 

2001 оны террорист ажиллагааны дараа АНУ-ын цэргийнхэн дахиад л Афганистаныг бөмбөгдөж, улмаар Ирак, Судан зэрэг зарим улс орныг алан хядагчдын гар хөл боллоо гэж буруутгах болсон билээ.

 

“Иймэрхүү кампанит ажил зөвхөн хүчирхийллийг л төрүүлж, хариу өшөө авахыг өдөөнө. Энэ бол Ойрхи Дорнодын зөрчлүүдийн ялгагдах онцлог. Мөн Афганистан улс нь Югослав шиг олон үндэстний улс, иймээс бүс нутгийн дайн дэгдээн хэсэгчлэн хувааж болох магадлалтай. Гэхдээ өшөөгөө авах энэ дайнд 9-р сарын 11-нд амь үрэгдсэн 3000 гаруй энгийн иргэдээс ч олон хүмүүс үхэх нь гарцаагүй” хэмээн Золтан Гроссман сэрэмжлүүлэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.