Даян дэлхий зэвсэглэлээр хөөцөлдөж байна
Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд цэрэг, зэвсгийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлсээр байна. Зарим улс орон шинэ зэвсэг бүтээн, ирээдүйн болзошгүй дайснуудаа гүйцэн түрүүлэхийг оролдсоор. Улам бүр хүчээ авч буй зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаанд одоо жижиг орнууд төдийгүй төвийг сахисан улсууд ч татагдан орох боллоо.
Хятад улс анх удаа 4000 км-ын тусгалтай, олон зориулалттай, цоо шинэ балластик пуужин бүтээсэн мэдээ 2-р сарын 21-нд дэлхий даяар тарсан. 2015 онд зэвсэглэлд шилжих энэ пуужингаар Хятад улс армиа 5 жилд багтан бүрэн хангах гэнэ. Далай тэнгис, хуурай газар төдийгүй сансарт байгаа пуужинг устгах чадалтай энэ пуужинг мөн кибер халдлагаас хамгаалахад ашиглах аж. Тэрчлэн Хятадын арми одоо “нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдийн алуурчин” гэгддэг 2800 км тусгалтай “DF-21D” пуужинтай. Хятадууд стратегийн зэвсэглэл төдийгүй “тоон технологийн салбар”-т бусдаас тасрахыг эрмэлзэж байна. Тус улс 5 жилд багтан, цэрэг эрсдээ зориулан, байлдааны иж бүрэн “тоон тоноглол” бүтээх гэнэ. Үүнийг “XXI зууны дайчин” гэж бас нэрлэдэг. Ийм ажлуудыг НАТО-гийн зарим орон нэлээд эртнээс хийж байгаа. Хятадын иж бүрдлийн суурь нь “ZH-05” шинэ винтовк бөгөөд видео мэдээллийг бууны овоо хараанаас шууд цэрэг буюу офицерын малгай дээрх дэлгэц рүү дамжуулах аж. Бай хүртэлх зайг тусгай хэмжигчээр хэмжин дэлгэцэд өгөхөд автоматаар гал удирдах системд очдог.
“Хятад улс орбит дээр байрласан хиймэл дагуулуудыг Пуужин эсэргүүцэн хамгаалах системийн тусламжтайгаар устгах технологи бүтээхэд ойрхон ирлээ” гэж АНУ-ын цэргийн шинжээчид үзэж байна. Иймээс Пентагон тэднээс хоцрохгүйн тулд цэргийн төсвийг урьдын хэмжээнд байлгахыг улстөрийн удирдагчдаасаа шаардсаар.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2-р сарын эхээр батлан хамгаалах яамны ирэх жилийн төсвийн төслийг Конгресст өргөн барьсан. Тус улс 2012 онд батлан хамгаалахын зардлаа ихэсгэж, 728,4 тэрбум доллар болгожээ. Энэ нь 2011 оноос 30 тэрбумаар их юм. Пентагоны гол зардлыг шинэ зэвсэглэл, цэргийн техник авах (113 тэрбум доллар), Афганистан ба Иракийн дайн (118 тэрбум доллар), XXI зууны дайчны иж бүрдэл (77 тэрбум доллар) эзэлж байна. Ийнхүү АНУ-ын төрийн асар их төсвийн бараг 20 хувь цэрэг, дайнд зориулагдах аж. “Хятадын “J-20” шинэ сөнөөгч болон “DF-21D” балластик пуужин маш аюултай” хэмээн АНУ болгоомжилж байна. Иймээс америкчууд алсын зайны бөмбөгдөгч онгоцны шинэ үеийг бүтээх санхүүжүүлэлтээ сэргээжээ. Тэрчлэн стратегийн нисэх хүчнээ хүчирхэгжүүлж, зэр зэвсгээ шинэчилснээр Хятадад “тэгш бус хэмт хариу” өгөх юм байх. 2018 онд АНУ шинэ онгоцуудаа Зэвсэгт хүчинд нийлүүлэх бөгөөд эдгээр онгоц нь дэлхийн аль ч өнцөг цохилт өгч, тагнуул хийх, радио электроны салбарт даалгавар биелүүлэх чадвартай. Гэхдээ стратегийн энэхүү шинэ бөмбөгдөгч нь “цохилтын өргөн систем”-ийн ердөө нэг элемент юм.
Шинэ зэвсгийн системийг бүтээхийн төлөөх АНУ, Хятадын өрсөлдөөний уршгаар одоо Ази-Номхон далайн бүс нутгийн бараг бүх орон зэвсэглэлээр хөөцөлдөж байна. Энэ нь юуны өмнө Японд хамаатай. Токио цэргийн шинэ хөтөлбөртөө болзошгүй дайсны эсрэг өмнөд арлууд дээр десант буулгахаар төлөвлөжээ. Япон шинэ милитарист бодлогынхоо хүрээнд 2011-2015 оны хооронд 284 тэрбум долларыг Хуурай зам, Тэнгисийн цэрэгтээ зарцуулах аж. Энд онцгой байр суурийг стратегийн хамгаалалтын зэвсэглэл эзэлж байгаа. Агаар-сансрын 3 дахь үеийн “Patriot” комплексийг (РАС-3) 2 дахин нэмэгдүүлж, бүх эсминц дээрээ пуужингийн эсрэг, АНУ-ын шинэ “SM-3” суурилуулах гэнэ. Түүнээс гадна АНУ тус улсад “F-15”, “F/A-18”, “F-35” сөнөөгч онгоцнуудаа санал болгожээ. Ингэснээр Японы байлдааны онгоцнуудын хүчин чадал асар нэмэгдэх юм.
Өмнөд Солонгос улс өнгөрсөн онд Умард Солонгостой шөргөөцөлдсөний дараа арми, флотынхоо зэвсэглэлийг шинэчлэх олон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ зарласан. Тэд үүнд 550 тэрбум долларыг 10 жилд зарцуулах юм. Сөүл мөн байлдааны шинэ онгоц, хөлгүүдийг худалдан авахаар төлөвлөж, 2012 онд овор багатай сөнөөгч онгонцуудад анхаарал хандуулах бололтой. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам “С-130” тээврийн 16 онгоцыг авахаар АНУ-тай гэрээ хийжээ. Мөн өмнөд солонгосчууд “БМП K21”-ийн үйлдвэрлэлээ сэргээж, ойрын 10 жилд армиа 900 ийм машинаар хангах юм.
Тайвань 2 сарын 18-нд АНУ-аас “F-16” сөнөөгч онгоцыг худалдан авах тухай хэлэлцээрээ сэргээсэн. Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин Цзю “Хятадын цэргийн хүч улам өсөн нэмэгдэж байгаа нь манай аюулгүй байдалд заналхийлж байна” гэж мэдэгдлээ. АНУ өмнө нь Бээжинтэй харилцаа муудахаас эмээн уг захиалгыг хэдэн удаа буцаасан юм. Тайвань 2011 онд “P-3C” шумбагчдын эсрэг онгоцноос /АНУ-ын/ 12-ыг авах гэнэ. Тайбэй тэр бүү хэл өөрсдөө далавчит пуужин үйлдвэрлэнэ гэж Бээжинд хандан албан ёсоор мэдэгдсэн. Эдгээр пуужинг хуурай газар, далайгаас харваж болох бөгөөд Хятадын зүүн өмнөд нутаг дээр байрладаг нисэх онгоцны буудлууд, пуужингийн бааз зэрэг чухал объектуудыг устгахад зориулагджээ. Тайвань ийм 300 пуужинг Зэвсэгт хүчиндээ нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Вьетнам улс өмнө нь нэг бус удаа Хятадтай ноцтой зөрчилдсөн, одоо ч тус улстай Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байгаа. Иймээс Ханой Зэвсэгт хүчнийхээ хүчийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ холбоотон хайж байна. Бүр АНУ-тай холбоо тогтооход ч бэлэн байна. Одоо вьетнамчууд хуучин ЗХУ-ын эзэмшилд байсан Камрани дахь Тэнгисийн цэргийн баазаа Энэтхэг, АНУ эсвэл олон улсын хүчинд өгөхөө мэдэгдлээ. 2008-2009 онд Вьетнам нь 4,5 тэрбум долларын гэрээг ОХУ-тай байгуулсан. Үүний хүрээнд “Су-30” сөнөөгч, “Молния” төрлийн пуужингийн катер, “Гепард” ковертүүд, 6 шумбагч авчээ. Мөн “Тор”, “Бук” зенит-пуужингийн комплекс, “С-300” авах тухай яригдаж байна.
Малайз, Индонез, Сингапур, Филиппин улсууд сүүлийн үед цэргийн зардлаа ихээхэн нэмсэн. Хачирхалтай нь Азийн хамгийн жижиг улсуудын нэг Бангладеш хүртэл зэвсэглэлээр хөөцөлдөж эхэллээ. Энэ улсын Засгийн газар шумбагч онгоцнуудыг худалдан авснаар эдийн засгийн онцгой бүсээ хамгаална гэж үзэж байгаа.
Бангладеш 2010 онд Их Британий Тэнгисийн цэргийн хүчнээс 6 хөлөг худалдан авсан. АНУ мөн энэ улсад “Дифендер” төрлийн16 катераа шилжүүлэн өгчээ. Бангладеш “Т- 59” байлдааны танкуудаа сайжруулан, шинэ их буу, идэвхтэй реактив хуяг болон орчин үеийн гал удирдах системээр тоноглосон. Харин хятадууд энэ улсад нүүрстөрөгчийн их хэмжээний нөөц байгааг тооцон, Бангладешийн зэвсгийн зах зээлийг атгахын тулд тэдэнд зээлээр эсвэл бараг үнэгүй шахам өөрийн хуучин зэр зэвсгээ өгч байна.
Австрали ч зэвсэглэлээр хөөцөлдөж байна. Тус улсын удирдагчид “Хятадын цэргийн хүчин манай үндэсний аюулгүй байдалд аюул учруулах боллоо” гэж үзэж байна. Австрали өөрийн Зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлэх 20 жилийн хөтөлбөрт 279 тэрбум долларыг зориулах аж. Канберра эдгээр мөнгөний ихэнхийг байлдааны шинэ хөлөг, Тэнгисийн цэргийн хүчинд зарцуулахаар төлөвлөжээ.
Ази-Номхон далайн бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх нь асар өргөн цар хүрээг хамарч, “хүйтэн дайн”-ы үеийнх шиг хурдацтай болжээ гэж цэргийн шинжээчид дүгнэлээ.
АНУ “Хятадаас гадна ОХУ манайд ноцтой аюул учруулна. Оросууд “аюулын эсрэг тэгш хэмт бус хариу” өгөх чадалтай. Иймээс тэд цөмийн хүчээ улам төгөлдөржүүлж, сансрын орон зайд нэвтрэх стратегийн дэвшилтэт технологио хөгжүүлэх төлөвтэй. 2030 онд ОХУ-ын хүчин чадал манайхтай зэрэгцэн, Хятадаас нэлээд хэмжээгээр давуу болж ирнэ. Ингэснээр ОХУ хуурай газар, далай дээр стратегийн цэргийн хүчний дутуу байдлаа нөхөж чадна” хэмээн болгоомжилж байна. Иймээс Пентагон Пуужингийн эсрэг авиа лазерыг (ABL) хийхэд их анхаарах болжээ. “Чиглэсэн энергийн зэвсэг” нь цэргийн уламжлалт хүчнүүдээс хавьгүй хүчирхэг хэмээн америкчууд баталж байгаа. Одоо химийн лазерын оронд хатуу биет систем иржээ. Эдгээр нь химийн лазерыг бодвол авсаархан бөгөөд ашиглахад хялбар, мөн өртөг нь хэд дахин хямд учраас Пентагон чухам тэдгээрт найдлага тавьж байгаа аж. “Нортроп” компани ажиллах чадвартай энэхүү хатуу биет лазерыг хэдийн олонд танилцууллаа. Удахгүй тэр зэвсгийг хуурай газар, тэнгисийн болон нисэх платформуудад байршуулах аж.
Улам бүр нэмэгдсээр байгаа зэвсэглэлээр хөөцөлдөх явдал өнөөдөр даян дэлхийг хамарсан нь ойрын үед асар том дайн дэгдэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Хамгийн аймшигтай нь энэ дайнд олон арван жижиг улсаас гадна төвийг сахигч орнууд ч татагдан орж болзошгүй.
Түүхээс үзэхэд бүх нийтээр зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох бараг боломжгүй. Гэхдээ орчин үеийн технологийн түвшнийг тооцон үзэхэд ирээдүйн дайнд ялагчид, бас ялагчид ч байхгүй нь ойлгомжтой.