Энэтхэг улс хамгийн том зэвсэг импортлогч орон болжээ
2011.03.19

Энэтхэг улс хамгийн том зэвсэг импортлогч орон болжээ

Энэтхэг улс 2006-2010 оны хугацаанд дэлхийн зэвсэг импортлогч орнуудын жагсаалтыг тэргүүлжээ. Энэ тухай Франс-Пресс агентлаг дэлхийг хамарсан асуудлуудыг судалдаг Стокгольмын олон улсын СИПРИ хүрээлэнгийн дэлхийн зэвсгийн зах зээлийн тухай илтгэлээс иш татан мэдээлжээ. СИПРИ хүрээлэнгийн мэдээлэл нь 1950 оноос хойшхи үеийг хамардаг бөгөөд тус байгууллагын шинжээчид дунджаар 5 жилийн үзүүлэлтүүд дээр үндэслэн илтгэлээ бичдэг байна.


2006-2010 оны хугацаанд дэлхий даяарх зэвсгийн худалдааны нийт дүнгийн 9 хувь нь Энэтхэг улсад ногдсон байна. Тус улсад зэвсэг нийлүүлэгч томоохон орон бол ОХУ бөгөөд дурдсан хугацаанд тус улс Энэтхэгийн зэвсгийн импортын хэрэгцээний 82 хувийг хангажээ.

СИПРИ хүрээлэнгээс гаргасан зэвсэг импортлогч томоохон таван орны жагсаалтад Азийн улсууд багтсан бөгөөд тэргүүлэгч Энэтхэг улсын дараа олон улсын зэвсэг худалдааны нийт хэмжээний 6 хувийг эзэлсэн Хятад удаалжээ. Өнгөрсөн оны жагсаалтыг Хятад улс тэргүүлж байсан бөгөөд дэлхийн нийт импортын 9 хувь нь тус улсад ногдож байжээ.

СИПРИ байгууллагын шинжээчид Хятадад зэвсэг нийлүүлэгч гол орноор мөн л ОХУ-ыг нэрлэсэн бөгөөд дурдсан хугацаанд тус улс Хятадын зэвсгийн импортын хэрэгцээний 84 хувийг хангасан байна.
Жагсаалтын гуравдугаарт Өмнөд Солонгос бичигдсэн бол удаад нь Пакистан болон Грек улсууд оржээ.

Тус хүрээлэнгийн зэвсгийн худалдааны асуудлаарх шинжээч Симон Веземаны үзэж байгаагаар, Энэтхэгийн ердийн зэвсгийн импортын хэмжээ өссөн нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой ажээ. «Юуны өмнө Пакистан, Хятадтай өрсөлдөж байгаа болон дотоодын аюулгүй байдалтай холбоотой асуудал үүссэн нь импортын хэмжээ өсөх гол шалтгаан юм» гэж тэрбээр онцолсон байна.
Зэвсэг нийлүүлдэг бүс нутгуудын жагсаалтад сүүлийн 10 жилийн хугацаанд ерөнхийдөө бараг өөрчлөлт гараагүй болохыг шинжээчид тэмдэглэжээ.

2006-2010 оны хугацаанд зэвсэг худалдан авагч орнуудын жагсаалтад голдуу Ази болон Номхон далайн орнууд орсон байна. Эдгээр орнуудад дэлхийн зэвсгийн нийт импортын 43 хувь нь ногдож байгаа ажээ. Харин Европ тивийн орнууд нийт зэвсгийн 21 хувийг худалдан авсан бол Ойрхи Дорнодын орнууд 17 хувь, Америк тивийнхэн 12 хувь харин Африкийн орнууд 7 хувийг импортолсон байна.

Харин СИПРИ хүрээлэнгээс гаргасан зэвсэг нийлүүлэгч томоохон таван орны жагсаалтад өөрчлөлт ороогүй байна. Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлэгч АНУ энэ жил мөн нэгдүгээрт бичигджээ. Тус улсын 2006-2010 оны олон улсын зэвсгийн экспортод эзлэх хувийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 30 хувь хэвээр байна. Удаад нь зэвсгийн экспортын 23 хувийг эзэлдэг ОХУ оржээ. Жагсаалтын гуравдугаарт олон улсын зэвсгийн зах зээлийн хэрэгцээний 11 хувийг хангадаг ХБНГУ, дөрөвдүгээрт Франц /7 хувь/, тавдугаарт Их Британи /4 хувь/ бичигдсэн байна.
Дэлхий нийтийг хамарсан асуудлыг судалдаг Стокгольмын олон улсын СИПРИ хүрээлэн нь Шведийн газар нутаг энх тайван тогтсоны 150 жилийн ойгоор буюу 1966 онд байгуулагджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.