Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотойгоор уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах аюулгүйн тусгай бүс байгуулах салбарын сайдын тушаал батлагдсан.
Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймаг болон “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-тай хамтран “Тавантолгой бүлэг ордын аюулгүйн тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” батлан ажиллаж байна. Уг төлөвлөгөөнд урьдчилан сэргийлэх чиглэлээр Тавантолгой бүлэг ордын нөөц хангалт болон хяналт шалгалтын хүрээнд хийх ажлуудыг тусганаас гадна Коронавируст халдвар илэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг оруулжээ.
Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар байгуулагдсан УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээвэр зэрэг яам, газрын алба хаагчид багтсан шуурхай бүлэг эдгээр өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой бүлэг ордын аюулгүйн тусгай бүсэд мөн ажиллах юм.