2020.12.08

АН-ын Үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг АЭХ-ны салбар холбоодын тэргүүнүүд цахимаар хэлэлцлээ

Цахим уузлалтад УИХ-ын дэд дарга, АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа нар болон 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоодын тэргүүнүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, аймаг дүүрэгт ялалт байгуулсан эмэгтэйчүүддээ баяр хүргээд АН-ын шинэчлэл эв нэгдэлтэй, үндсэн дүрмийн хүрээнд бүх гишүүдийн оролцоотой явах ёстойг онцолж хөл хорио тогтоосон энэ үед улс орны эдийн засаг хүндхэн байгаа тул ард иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгтэй байгаа талаар ярилцлаа.

Энэ бодлогыг тодорхойлоход сөрөг хүчний байр суурь тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоо чухал байгааг онцолсон юм. АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, өмнө нь АН-ын улс төрийн зөвлөлд эмэгтэй квот байхгүй байсан бол энэ удаад 20 хувь нь эмэгтэй байна гэсэн заалт оруулсан.

Мөн 76 сонирхлын бүлгийн 50 хувь буюу 38 ҮБХ-ны эмэгтэй гишүүн нэмүүлсэн нь эмэгтэйчүүдийн оролцоо илүү өргөн цар хүрээг хамруулах зорилготой.

АН 2018 он арван хоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдсан есдүгээр Их хурлаараа Үндсэн дүрмэндээ бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Ийнхүү энэ удаад дахин эмэгтэйчүүдийг дэмжсэн үйл явц нь Ардчилсан нам ардчилсан, шударга, тэгш байдлын илэрхийлэл болсон нам гэдгээ батлан харууллаа.