Д.Ганбат: Засгийн газраас ус, цахилгаан, хогны мөнгө тэглэсэн нь маш зүйтэй шийдэл болсон
2020.12.14

Д.Ганбат: Засгийн газраас ус, цахилгаан, хогны мөнгө тэглэсэн нь маш зүйтэй шийдэл болсон

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар таван асуудал хэлэлцлээ. Энэ асуудлаас өмнө Засгийн газрын шийдвэрийн талаар АН-ын бүлэг ярилцлаа. Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон ус, цахилгаан, хогны мөнгө тэглэсэн нь маш зүйтэй шийдэл болсон.

Франц улсад ус, тогны мөнгийг мөн тэглэж байсан. Цаашид дулаан, усны хангамж дордох ёсгүй. Хүнд хэцүү үед орхигдсон хүмүүс байна. Тухайлбал, малчид, аймаг орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг авч үзэх хэрэгтэй.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ. 1992-1996 онд төмөр замаа 100 хувь эзэмших боломж байсан боловч манай улс хэрэгжүүлж чадаагүй. Манай орны хувьд транзит тээврийг сайжруулах ажил урагшлахгүй байна. Тагнуулын байгууллагын болон шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Шүүхийн багц хууль дээр танай намын байр суурь юу байгаа вэ? Зарим гишүүд энэ хууль дээр ард нийтийн санал асуулга авах ёстой гэсэн зүйл ярьж байна.

Шүүхийн асуудал хүнд хэцүү байдалд орсонд МАН буруутай. Шүүхийн хараат бус байдлаар 140 орноос 123-д манай улс орсон. АН-ын бүлгийн хувьд засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хонгил байгуулдаг асуудлыг цэгцлэх ёстой. Шаардлагатай бол шүүхийн тухай хууль дээр санал авах нь зүйтэй.

Сахилгын хорооны гишүүнийг УИХ, Засгийн газраас томилно гэх зүйл яригдаж байгаа. Сахилгын хорооны гишүүдийг хаанаас сонгох ёстой вэ?

Бидний үзэж буйгаар сахилгын хорооны гишүүд орон тооны байх ёстой. МАН-ын бүлэг сахилгын хорооны гишүүдийг орон тооны бус байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудал ажлын хэсэг дээр нухацтай яригдсан ч эцэслэн шийдэгдээгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудал дээр ОУПХ хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүн дээр сөрөг хүчний бүлэг ямар байр суурьтай байна вэ? Тагнуулын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд тэргүүн дэд дарга нэмж байгаа юм байна. Энэ асуудал дээр мөн байр сууриа илэрхийлээч.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудал дээр ардчилсан зарчмаа баримтлах нь зүйтэй гэсэн үзэлтэй байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол тухайн нэр дэвшигчийг хорьсон нь буруу гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Тагнуулын асуудал бол буцаад байр суурь дээрээ очих зүйл байгаа. Ямар нэгэн эрх мэдэл, алдаа дутагдал гарахгүй гэдгийг хууль санаачлагчид хэлсэн.