2020.12.12

Баянгол дүүрэг, 10-р хороолол дагуух дулааны шугамыг 2021 онд шинэчилхээр төлөвлөжээ

Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч 8А магистраль шугам буюу Баянгол дүүрэг, 10-р хороолол дагуух дулааны шугамд арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн дөрвөн гэмтэл гарчээ.

Улмаар мэргэжлийн байгууллагууд үүссэн нөхцөл байдалд техникийн шийдлийг боловсруулж гэмтэл гарсан 500 орчим метр шугамын хоёр талд тусгаарлагч хаалт тавьж хэрэглэгчдийг дахин халаалт доголдох эрсдэл үүсэхээс сэргийлсэн байна.

Ингэснээр Улсын 3 дугаар эмнэлгээс Улаанбаатар палас хүртэлх 61 байр, 21 аж ахуйн нэгж буюу 7000 орчим айл өрхийг бүрэн дулаанаар хангаж эхэллээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцжээ. 

Улаанбаатар хотод нийт 280 гаруй км дулааны шугам байдаг бөгөөд 30% нь 20-с дээш жилийн насжилттай, зайлшгүй шинэчлэн солих шаардлагатай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаад байгаа. Уг дулааны шугамыг 2020 онд Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр бүрэн шинэчлэхээр байсан боловч Европын холбооны улсуудад “COVID-19” халдвар эрчимжиж хөл хорио тогтоосны улмаас уг ажил хойшлогдсон бөгөөд 2021 онд шинэчлэлийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн ажээ.