УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайдад хандан асуулга тавилаа
2020.12.17

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайдад хандан асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, өвлийн оргил ачааллын ид үед байдлыг хэвийн горимд оруулах оновчтой шийдвэрийг Эрчим хүчний яам болон Засгийн газраас цаг алдалгүй яаралтай гаргах хэрэгтэй талаар дараах асуулгыг тавьжээ.

Асуулга тавих тухай

Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төр бүрэн хариуцах шийдвэр гаргасан нь цар тахлын улмаас хүндэрсэн иргэдийн амьжиргааг бодитоор дэмжиж, аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг, зөв шийдвэр болсон билээ.

Гэвч харамсалтай нь дээрх шийдвэр гарсанаас хойш зарим иргэдийн зөвхөн хувиа хичээсэн увайгүй үйлдэл, үрэлгэн замбараагүй хэрэглээнээс болж ачаалал хэдэн зуун мВт-аар нэмэгдэж, эрчим хүчний саатал, аваар гарах ноцтой эрсдэл үүсээд байна.

Сайжруулсан шахмал түлшний үнийг төрөөс 75 хувиар хямдруулаад байхад гэр хорооллын зарим айл өрхүүд цахилгаан үнэ төлбөргүй болсноор далимдуулан халаалтаа дан ганц цахилгаанаар шийдэх, нохой, муурныхаа үүр, машины зогсоол, агуулах чингэлэгтээ хүртэл цахилгаан халаагуур тавих зохисгүй үйлдэл гаргаж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, өвлийн оргил ачааллын ид үед байдлыг хэвийн горимд оруулах оновчтой шийдвэрийг Эрчим хүчний яам болон Засгийн газраас цаг алдалгүй яаралтай гаргах хэрэгтэй байх тул дараах асуулгыг Эрчим хүчний сайд Танд хандан тавьж байна.

Үүнд:
  1. Цахилгааны төлбөрийг чөлөөлснөөс хойш улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ, ачаалал хэдэн мВт-аар нэмэгдсэн, үүнийг хэвийн хэмжээнд оруулахын тулд хэрэглээ болон хөнгөлөлт чөлөөлөлтийг ямар журмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар;
  2. Цахилгааны чөлөөлөлтөд өмнөх оны мөн үеийн дундаж хэрэглээнээс илүү цахилгаан хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгжийг хамруулахгүй байх, төлбөрийг бүтэн төлүүлэх, эсхүл айл өрх, аж ахуйн нэгжүүдэд үнийн чөлөөлөлтөд хамрагдах нийт хэрэглээний дундаж босго шалгуур тогтоож, түүнээс хэтэрсэн хэрэглээний үнийг төлүүлэх замаар үрэлгэн хэрэглээг бууруулах гарц шийдэл бий эсэх талаар;
  3. Цахилгаан, дулааны төлбөр чөлөөлөлтийн хугацаанд нэг айл өрхөд дунджаар Хэдий хэмжээний хөнгөлөлт, хэмнэлт бий болж байгаа талаарх тооцоо судалгааг ирүүлэх;
  4. Хөнгөлөлт, чөлөөлөлтийн хугацаанд хэрэглэгчдийн ухаалаг бус хэрэглээнээс үүдэн эрс өссөн импортын эрчим хүчний төлбөрт урьдчилсан байдлаар Монгол Улс Хэдий хэмжээний төлбөр төлөхөөр байгаа талаарх мэдээлэл, тооцоо зэргийг ирүүлнэ үү.

Энэхүү асуулгын хариуг болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т заасан хугацаанд ирүүлж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Танаас хүсье.