ҮХЦ-ийн 2020 оны 12 дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав
2021.01.07

ҮХЦ-ийн 2020 оны 12 дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. 

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг Г.Туулхүү танилцуулав. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас өнгөрсөн онд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэцээс:

  1. УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
  2. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.
  3. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэсэн дүгнэлт гаргасан.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авахыг дэмжээгүй байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нарын гишүүн асуулт асууж хариулт авсан. Ингээд санал хураахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүний олонх цэцийн дүгнэлтийг дэмжээгүй Байнгын хорооны саналыг дэмжиж хүлээж авахаас татгалзав.