Тайваны сурагчдад хөнгөлөлтөөс илүү урамшууллын систем үйлчилдэг
2012.03.10

Тайваны сурагчдад хөнгөлөлтөөс илүү урамшууллын систем үйлчилдэг

 
  • Хөнгөлөлтөөс илүү урамшууллын систем ЕБС-уудад сайтар хөгжсөн байдаг.
  • Эдээс сурагчид ирээдүйн ажлын байраар хангагдах боломжтой байдаг. Тухайн компани, үйлдвэр энэ хүүхэд гоц авъястай манай ирээдүйтэй боловсон хүчин болох боломжтой гэж үзвэл санхүүгийн болон суралцах үед шаардлагатай эд материалын тусламжийг энэ үес
  • Эндээс дурьдвал зохих нэг жишээ бол их сургуулиудын хоорондох нэгдсэн систем юм.
  • Эрэгтэй оюутнуудын хувьд нэг онцлогтой. Тэд суралцах явцдаа цэрэгжилтийн бэлтгэл урт богино хугацаагаар хамрагдах үүрэгтэй.

Тайваны сурагчдад хөнгөлөлтөөс илүү урамшууллын систем үйлчилдэг

  

Тайван бол өнгөрсөн зууны дунд үеэс боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбартаа өөрчлөлт, шинэчлэл, үсрэнгүй хөгжлийг богино хугацаанд үр дүнтэй хийж чадсан Азийн орнуудын нэг юм.

Тайванийн боловсролын систем нь суралцагчийн хэрэгцээ шаардлагаас хамааран 9-22 жил үргэлжлэх бөгөөд жишээ авч болохуйц уян хатан бодлогуудыг баримталдаг. Ерөнхийдөө сургуулийн өмнөх боловсрол 2 жил, бага анги 6, дунд анги 3, ахлах анги 3 жилийн үргэлжилдэг. Дэлхийд түгээмэл хэрэглэгддэг 12 жилийн боловсролын системтэй. Дээд боловсрол 4-6 жил, магистерын түвшний боловсрол 1-4 жил, докторын зэргийн боловсрол 3-7 жил байдаг.

 Сургуулийн өмнөх боловсролд бүх хүүхдийг хамруулахыг эрмэлздэг ч 80 хувь хамрагддаг байна. Бага (6 жил) болон дунд (3) боловсролын хувьд бүх шатанд улсаас болон сургуулиас жил бүр тогтоодог зохих хэмжээний төлбөрийг төлөх шаардлагатай байдаг. Энэхүү төлбөр нь тухай сургуульд шинэчлэл хийх, сургууль бие даан зарим нэмэлт үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог. Харин энэ мөнгийг хэрхэн зарцуулсан талаар сургуулийн захиргаа жил бүр нээлттэй тайлагнадаг байхаар зохицуулалт хийгдсэн байх нь бий. Энэ төлбөр хэт өндөр биш, тухай өрхийн жилийн орлоготой жишин тогтоодог. Ядуу өрхөөс суралцаж буй болон хөгжлийн бэрхшээлтэй, гоц авъястай, чадварлаг хүүхдүүдийг улсаас, тухайн сургуулиас, эсвэл бусад хувийн байгууллагуудаас дэмжих зорилготой маш олон сангууд үйл ажиллагаа явуулж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг түвшинг тогтоон бусад эрүүл хүүхдүүдтэй хамт суралцах боломж боловсролын бүх шатанд олгохыг илүү чухалчилдаг. Энэ бодлого нь тэднийг нийгэм дундаа төлөвших, ялгаварлан гадуурхагдахгүй байх ач холбогдолтой юм.

 

Хөнгөлөлтөөс илүү урамшууллын систем ЕБС-уудад сайтар хөгжсөн байдаг. Хүүхдийн сурлага, сахилга бат, идэвхи чармайлтын байдлаас хамааран төлбөрийн уян хатан бодлого явуулна. Зөвхөн онц сайн суралцагчдад ч бус сурлагын хувьд ахицтай байгаа, тогтмол амжилтаа хадгалан суралцаж байгаа хүүхдүүдийг орхилгүй дэмждэг нь сайшаалтай.

 

Энд дурьдахад сургуулиуд суралцах, амьдрах орчин, (номын сан, дотуур байрны хангамж, багш нарын мэргэжлийн төвшин, баталгаат хоол хүнсний хангамж, анхан шатны эмнэлгийн үйлчилгээ, сэтгэл зүйч гэх мэт), төгсөгчдийн мэдээллүүд, тэдний төгсөөд цаашид гаргасан амжилт, сургуулийн тогтвортой ажиллагаа, хийгдэж буй шинэчлэл зэргийг харуулсан мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй байхаар зохицуулсан нь үнэхээр үр дүнгээ өгдөг. Эндээс суралцагч эсвэл тэдний гэр бүлийнхэн өөрсдийн сонголтыг хийх бөгөөд зах зээлийн шударга өрсөлдөөний нэг хэлбэр болдог. Үүнээс үүдэн бусад сургуулиуд ч өөрсдийн сул талыг засаж залруулах идэвхи санаачилгатай байх шаардлага урган гарч ирдэг юм.

 

Ахлах анги (3 жил) нь хүүхдэд ирээдүйд хэн болохоо сонгох маш хариуцлагатай сонголтын үе байдаг учир зөвхөн мэдлэг олгох бус тэдэнд туслах, чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх, түүнчлэн тэдний төлөвшил, бие хүн болох үйл явцад онцгой анхаарал хандуулах шаардлагатай болдог. Энд их сургуульд бэлдэх болон мэргэжлийн чиг олгох гэсэн хоёр  төрлийн боловсролын хэлбэр зонхилдог. Мэргэжлийн чиг олгох боловсрол нь зөвхөн хөдөө аж ахуй, загас агнуур, үйлдвэрлэл үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. Жишээ нь суралцагч төгссөний дараа бие даан жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах хүсэлтэй бол микро, макро эдийн засаг, менежмент, маркетингийн зохих мэдлэгийг эзэмших боломж нээлттэй. Хэрвээ урлагийн мэргэжил эзэмшихийг хүсвэл дэлхийн урлагийн түүх, хөгжмийн боловсролдоо илүү анхаарах боломжтой гэсэн үг юм.

 

Хэрвээ суралцагч хараахан шийдвэр гаргаагүй бол, эргэлзэж байгаа бол тэднийг тусалж дэмжих маш олон арга хэмжээ сургуулиас болон хувийн байгууллагуудаас зохион байгуулагддаг байна. Жишээ нь хувийн компаниуд, коллежууд  хотуудаар, сургуулиудаар яван өөрсдийгөө танилцуулах сурталчлах ажлыг тогтмол явуулдаг. Ингэснээр хүүхдүүдэд нэгийг нөгөөтэй нь харьцуулах, өөрт тохирсон сонголт хийх боломж улам нээлттэй болж ирдэг. Сургуулиуд ч өөрийн санаачилгаар, төгсөх ангийн хүүхдүүдийг саналыг харгалзан улсын болоод хувийн нэр хүндтэй их, дээд сургуулиуд, компаниуд, байгууллагууд дээр очиж танилцах аялал, сургалт зэргийг ихээр зохион байгуулдаг. Энэ нь суралцагчид бодит байдлыг үнэлж дүгнэх боломж олгож байгаа хэрэг юм.

 


Эдээс сурагчид ирээдүйн ажлын байраар хангагдах боломжтой байдаг. Тухайн компани,  үйлдвэр энэ хүүхэд гоц авъястай манай ирээдүйтэй боловсон хүчин болох  боломжтой гэж үзвэл санхүүгийн болон суралцах үед шаардлагатай эд материалын тусламжийг энэ үес эхлэн санал болгодог. Зарим тохиолдолд урт хугацааны гэрээ байгуулдаг. Энэ нь байгууллага чадвартай боловсон хүчинтэй болох, өрсөлдөөн ихтэй нийгэмд баталгаатай ажлын байртай болох  гэсэн аль алиндаа асар их ашигтай сонголт байдаг.

 

Их дээд сургууль, коллежид амжилттай элсэгчдийн хувьд эхний 1-2 жилд ерөнхий эрдмийн хичээлүүдийг гүнзгийрүүлэн үздэг. Эндээс  оюутан цаашдын нарийн мэргэжлээ нухацтай шийдэх боломжтой юм. Мэргэжлийн чиглэл төдийгүй анх элссэн сургуулиа солих боломжийг суралцагчдад нээлттэй үлдээсэн байдаг. Хугацааны хувьд ерөнхийдөө 4-6 жил, дагнасан мэргэжлийн зэрэг 4 жил, дабль буюу хосолсон мэргэжлийн зэрэг 5-5.5 жил, магистерын зэрэгтэй төгсөхийг хүсвэл 6 жил хүртэл хугацаанд суралцаж болдог.

 

Эндээс дурьдвал зохих нэг жишээ бол их сургуулиудын хоорондох нэгдсэн систем юм. Суралцагч нэгдсэн системд орсон аль ч сургуулиас хичээл үзэж кредит цуглуулах, part-time буюу эчнээ оюутнууд хичээлээ онлайн системээс татан авч суралцах, даалгавар бие даалтаа онлайнаар хийх, хоорондоо санал бодлоо сургуулийн дотоод системээр солилцох өргөн боломжтой. Мөн аль ч номын сангийн системээс хүссэн номоо өөрийн харъяа сургуулийн номын сангаар дамжуулах авч унших, хүрэлцээгүй номнуудыг онлайнаар дэлхийн аль ч хэсгээс хүссэн цагтаа харж болдог зэрэг орчин үеийн онлайн хэрэглээг бусад өндөр хөгжилтэй орнуудын нэг адил бүрэн хэрэгжүүлсэн байдаг. Зарим сургуулийн ном, мэдээллийн сан хөмрөг нь зөвхөн оюутанд бус олон нийтэд нээлттэй болж байгаа нь зөвхөн оюутан, багш, судлаач ч биш жирийн иргэд ч хөгжих сайхан боломж юм.

 

Оюутнууд зөвхөн суралцаад зогсохгүй сургууль хотхоны уйл ажиллагаанд заавал ололцох, хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгэмд тустай үйл ажиллагаанд оролцох ёстой. Жишээлбэл, хотхон, анги танхимын бүрэн бүтэн, цэвэр үзэмжтэй байдал зэргийг оюутнууд өөрсдөө хариуцна. Зарим тохиолдолд сургууль бага зэрэг мөнгөн урамшуулал, цалин төсөвлөсөн байдаг. Эрэгтэй оюутнуудын хувьд нэг онцлогтой. Тэд суралцах явцдаа цэрэгжилтийн бэлтгэл урт богино хугацаагаар хамрагдах үүрэгтэй. Зарим тохиолдолд магистер болон түүнээс дээш түвшний сургалтанд хамрагдах оюутнуудыг цэргийн албанд явах наснаас  (27) өмнө дээрх бэлтгэлийг дүүргэсэн байхыг шаарддаг байна. Оюутнуудад нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж үргэлж нээлттэй, гадаад болон дотоодын сайн санааны аян, гамшигийн үед өөрийн саналаар дайчлагдах сонирхолтой оюутнуудыг сургах, дадлагажуулах сургалтуудыг сургууль инститүтийн зүгээс явуулдаг байна.

 

Ахисан буюу магистер, доктор, мэргэжил дээшлүүлэх сургалтууд нь Тайваний өндөр хөгжил, технологийн гол түлхүүр болдог. Нэгэнт байгалийн баялаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбар хөгжүүлэх нөөц бололцоо хязгаарлагдмал гэдгийг ойлгосон төр засаг ард иргэдийн боловсрол мэдлэгийн “аянд” гарсан гэж болно. Эхэндээ олон хүмүүсийг дэлхий өнцөг булан бүрт өндөр хөгжилтэй гэгдэж байсан орнууд руу илгээн сургаж, дадлагажуулах байдлаар тэдний дундаас ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлдэх эрдэмтэн профессерууд, технологийн үрийн таригч инженерүүд төрсөн гэдэг. Харин өнөөдөр тэд боловсон хүчнээ дотооддоо бэлдэхийг эрмэлзэж байна.

 

Энэтхэг зэрэг зарим орон шиг буруу бодлогын уршгаар олон жилийн турш бэлдэж боловсруулсан чадварлаг боловсон хүчнээ бусдад алддаг алдааг давтахгүйн тулд шударга өрсөлдөөн, шударга үнэлгээ, хангалуун амьдрах боломжийг бүгдэд нээлттэй хэвээр үлдээсэн юм. Дэлхийн жишигт нийцүүлэн сургалтын арга зүй, орчноо сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон оронд хүлээн зөвшөөрүүлэхэд гол анхаарал хандуулж ирсэн нь Тайваны боловсрол  дэлхийд үнэлэгдэх гол түлхүүр байсан гэж болно.

Их дээд сургуулийн төлбөр бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 2-3 дахин бага боловч олгож буй боловсрол нь дэлхийн жишгээс дээгүүр үнэлэгдэж байгаа нь дотооддоо төдийгүй гадаадаас ирж суралцагчдыг татахад гол түлхэц болдог байна. “Тime” сэтгүүл болоод бусад нэр хүндтэй сэтгүүл, судалгааны байгууллагуудын тооцон гаргаснаар Тайваний их дээд сургууль,  коллежуудыг дэлхийд эрэмбэлэгдэх түвшин жил ирэх тусам ахиж байгааг харж болно. 20-оодхон жилийн дотор Тайваний боловсрол техник, технологи асар хурдтай хөгжиж дэлхийн “томчуудтай” өрсөлдөхүйц болж иржээ.

 

Нийтлэлийн төгсгөлд дурьдах, өөрсдийн сул болон давуу талаа зөв тогтоож, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх,  өөрийн улс оронд тохирох зорилтоо зөв тодорхойлох нь юу юунаас илүү чухал юм. Дараагийн алхам зөв эсвэл буруу байх нь үүнээс шалтгаална гэдгийг бүрэн ухаарч ойлгосон байх хэрэгтэй гэдгийг ганц Тайван бус хоёр хуваагдсаны дараах Солонгос, дайны дараах Япон, ядуу хот улс явсан Сингапурын жишээнээс харж болох юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.