2021.01.29

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоохоор боллоо

2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр буюу даваа гарагаас эхлэн Төв талбайд өлсгөлөн зарлаад байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоохоор боллоо. Учир нь Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатартай нэг зорилготойгоор, албан бичиг хамтран төлөвлөхөөр болсныг мэдэгдлээ.

Дөнгөж сая УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээ хийх зорилго бүхий ажлын хэсэгт түүнийг болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарыг оруулан, үүсээд байгаа нөхцөл байдалд тавиад буй түүний шаардлагыг хүлээн авч хамтран ажиллахаар боллоо.

Яг одоо тэрбээр УИХ, Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгтэй хамтран Нью-Йоркийн шүүх рүү илгээх албан бичгээ бэлдэж байгаа бөгөөд баасан гарагт багтаан албан бичгийг илгээхээр төлөвлөж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй гишүүд уг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд өөрийн улсын хууль, шүүхийн байгууллагад байгаа баримтуудыг цуглуулахын тулд албан бичиг хүргүүлсний дагуу хариу нь өнөөдөр ирсэн гэдгийг хэллээ.

Мөн Засгийн газраас авлига, албан тушаал ашиглан олсон мөнгөөрөө аль нэг улс оронд хөрөнгө худалдан авсан бол түүнийг царцаахаар нэхэмжлэл гаргахаар болж буй бөгөөд энэ асуудалд ч мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатартай хамтран, түүний санал, шаардлагыг тусган ажиллахаар болсон юм.

Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюу толгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнг зарлахаа мэдэгдсэн.

НЭМЭЛТ 00:00 цаг: УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын гишүүдтэй уулзан, хамтран албан бичиг явуулж, маргааш 11:00 цагаас хэвлэлийн хурал хийн өлсгөлөнгөө зогсоохоо мэдэгдэнэ хэмээн мэдээлсэн. Харин тэрбээр 00:00 цагийн үед өөрийн цахим хуудсаар албан бичгээ явуулсны дараа өлсгөлөнгөө зогсоохоо шийднэ гэв.

Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудаст “Засгийн газраас нэхэмжлэх явуулахаар болж хамтарсан төсөл боловсруулж дуусаад байна. Үүнд:

Авлигал авсныг тогтоолгохоор Нью-Йоркийн шүүхэд хандах
Шүүх хурал болохын өмнө “Бид эвлэрчихлээ “ гэж явуулсан эзэн биегүй бичгийг цуцалж өмнөх хуучин нэхэмжлэлээ яг тэр хэвээр нь сэргээх 2021.01.21 ны 11:00 цагт болохоор зардагдаад цуцлагдсан шүүх хурлыг дахин зарлуулж хуралдуулах, гэсэн 3 асуудлыг тусгасан.

2010 оны Хөрөнгө оруулалтын гэрээг / ХОГ/ цуцлах асуудлыг авлигал авсан нь тогтоогдсоны дараа аяндаа тавигдана гэж Засгийн газрын талын хуульчид зөвлөсөн учир энэ удаа үлдээж тэдэнд итгэж түр хүлээж харахаар болоод байна. Өглөө 09 цагаас Ерөнхий сайд гарын үсэг зурах ёстой” гэжээ.