2021.02.06

Боловсролын салбарынханд зориулсан хотхон барихаар тохирлоо

Нийслэл Улаанбаатар хотын боловсролын салбар дахь тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” уулзалт өчигдөр БШУЯ-нд боллоо. 

Уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ: “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр бүгд хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаж өгсөн. Одоо нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсролыг бүрэн хангахаар байна. Сургуулийн тухайд бага сургуулиудыг барьж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндэрдэг. Гарах гарц нь гэр хорооллын айлуудтай тохирч газрыг чөлөөлөх ганцхан арга байна" хэмээв.

Мөн тэрбээр, нийслэлийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд компьютер, зурагтгүй, тог цахилгаангүй газар амьдарч байгааг хороо, дүүргийн ажилтнуудаар дамжуулж туслах боломжийг судлах хэрэгтэйг тэмдэглэв. 

Нийслэлд 20943 багш, ажилтнууд бий. Иймд орлогод нийцсэн орон сууцанд хамруулах асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтраад шийдвэрлэх шаардлага байгааг тодотгоод, боловсролын салбарт гар татаж болохооргүй цаг үе ирсэн гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: “Нийслэлийн Боловсролын газар, яамтайгаа хамтран салбарт хөрөнгө оруулах, төсөл арга хэмжээний ажлыг харилцан уялдаа холбоотой хийх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал тулгамддаг. Энэ асуудлыг хамтран шийдэх бүрэн боломжтой. Боловсролын салбарт тулгамдаж байгаа төсөв санхүүгийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах болно. Хичээл, сургуулийн хоцрогдлыг тооцоо судалгаанд үндэслэн хамтран ажлын багийн түвшинд ярилцъя. Мөн нийслэлийн хэмжээнд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц барих зургаан байршилд барилгын ажлыг эхлүүлнэ. Тэгэхээр аль нэг байршилд нь боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулах бүрэн боломжтой” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын сайд, хотын захирагчийн түвшинд жилд хоёр удаа уулзалт зохион байгуулаад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтойг онцлов.

Мөн тэрбээр “Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг нийслэлтэй хамтарч шийдвэрлэх, төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн газрыг зарахгүй байхад анхаарах, хоцрогдлыг арилгах зорилгоор танхим болон зайн хэлбэрээр сургалтыг явуулахад ариутгал, халдваргүйтгэл зэрэг зохион байгуулалтын ажилд хамтрах, багш, ажилтнуудыг орон сууцжуулах зэрэг асуудлаар ажлын багийн түвшинд ярилцаж, шийдвэрлэх хэрэгтэй. Би Боловсролын хуулийг нийгмийн зөвшилцөл маягаар хийх ёстой гэж хэлдэг. Ирэх 7 хоногийн 2 дахь өдөр сүүлийн 19 жилд ажилласан Боловсрол, шинжлэх ухааны 17 сайдыг яам дээрээ урьсан. Надад тэр энэ нам гэдэг нь ерөөсөө сонин биш. Энэ хүмүүс юм хийх гэж оролдсон, зарим нь үр дүнд хүрсэн, заримд нь хийх хугацаа олдоогүй, заримд нь хийх эрх зүйн боломж байгаагүй, улс төрийн боломж ч гараагүй. Бүгдийг нь сонсъё. Боловсролын салбарт улс төржихгүй” гэжээ.

Тэрбээр боловсролын нэг хөтөлбөр 10 жил хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг бөгөөд одоогийнх шиг дөрвөн жилийн хугацаатай Кембридж, Цөм хөтөлбөр гээд савлаад байвал үр дүнд хүрэхгүйг онцолжээ.