Д.Сумъяабазар: Хөдөлгөөнт болон суурин шинжилгээ авах бүх багт GPS суурилуулсан
2021.02.11

Д.Сумъяабазар: Хөдөлгөөнт болон суурин шинжилгээ авах бүх багт GPS суурилуулсан

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 10-ны өдөр А85 захирамж гарсан. Нэг хаалга-Нэг шинжилгээг нийслэлийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулах, ажлын хэсгийг зохион байгуулах тухай ажлын хэсэг байгуулах тухай захирамжид тусгасан.

Иргэдийн хөдөлгөөний хориог шуурхай тогтоож, халдвар хамгааллыг чанд мөрдүүлж ажиллахыг бүх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Онцгой байдлын газар, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгож байна.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хязгаарлалт тогтоож, хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйлчилгээ эрхлэгч жолооч зорчигчдын PCR шинжилгээг хариуг үндэслэн гаргах, оруулах маршрутын бус замын хяналтыг чангатгаж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, онцгой байдлын газар, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын дарга болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.

Үүрэг хүлээж ажлаа хариуцаж байгаа дарга нар түргэн шуурхай ажиллах, мэдээ мэдээллээр иргэдийг хангах, хүсэл гомдлыг шуурхай зохион байгуулж ажиллах ёстой. Тухайн дүүрэг дээр замын хөдөлгөөн тээвэрлэлттэй холбоотой асуудлууд гардаг.

Мөн харуул хамгаалалттай холбоотой, сорьцыг тээвэрлэх түгээх, иргэд явуулын цэгт очиж шинжилгээ өгөхөд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, идэвхтэй оролцоорой. Үнэхээр онцгой нөхцөл биш бол дүүргийн Засаг дарга шийдэх ёстой асуудлаа шуурхай удирдлагаар хангаж, газар дээр нь шийдэх ёстой.

Тээврийн товчоод, иргэдийн өргөдөл гомдол, товчоодоор орох, гарах хөдөлгөөн зэрэг асуудлаар тэр дор нь маш шуурхай шийдвэрлэх нь чухал. Өмнө нь дээрээс шийдвэр хүлээгээд хүний амь эрсдэж байсан. Тиймээс дахиж хүний амь нас эрсдэх явдал гаргаж болохгүй. Яаралтай хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зэрэг хүндэтгэх шалтгаантай асуудлыг газар дээр нь шийдэж, шуурхай арга хэмжээг аваарай.

Орон зайн мэдээллийн нэгдсэн систем удирдлага зохион байгуулалтын хувьд үүрэг гүйцэтгэх чадвар маш өндөр. Сорьцыг зөөвөрлөх автомашинууд дээр JPS суулгасан. Явц дунд нь шалгах, явцын байдал дээр шууд хяналтаа тавьж ажиллана.

Мөн явуулын 50 цэг буюу автобусны асуудлыг бүрэн шийдсэн. Хөдөлгөөнт болон суурин шинжилгээ авах бүх багт холбогдох JPS суулгаад тухайн цаг бүрт нь хариу мэдээлэл аваад үүрэг даалгавар өгөөд ажиллаад явна” гэлээ.