Ц.Туваан гишүүн тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ц.Туваан 2020 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллаж байна. Гишүүн тойргийнхоо иргэд сонгогчдын төлөөлөлтэй уулзаж өвөлжилт хаваржилтын байдалтай танилцан, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан хууль тогтоомжийн талаарх танилцуулгыг хийлээ.
Баянжаргалан сумын 370 гаруй малчин өрхийн 160 гаруй нь мянган мал тоолуулсан амжилттайгаар хавартай золгож байна. Миний бие сумын удирдлагууд, сургууль, эмнэлэг, соёлын төвийн ажилтан албан хаагчид, малчидтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Сумын хэмжээнд Ковид19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд маскны хэрэглээг нэмэгдүүлэн сайжруулсантай холбоотойгоор амьсгалын замын болон хоол боловсруулах замын өвчлөл өмнөх оны мөн үеийнхээс эрс буурсан байна.
Тус сумын эмнэлгийн барилгыг шинэчлэн сайжруулах шаардлага байгаа юм байна. Мөн интернэтийн шилэн кабельд холбогдоогүйн улмаас хөнгөлөлттэй эм бичих асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. Сумын соёлын төвийн номын фондод буй 3400 гаруй номын 70 орчим хувь нь хуучирсан тул номын фондыг сайжруулан шинэ номоор баяжуулах шаардалага байгаа юм байна. Харин малчин иргэдийн хувьд бэлчээр хамгаалах, бэлчээрээ сэлгэх, мал сүргээс олох орлогоо нэмэгдүүлэх, хорших хамтрах талаар өөрсдийн санал сэтгэгдлээ хэлж байлаа.
Баян сумын хувьд төв замтай ойр байрладагтай холбоотойгоор тоосжилтын асуудал сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудлын нэг болоод буй талаар сумын удирдлагууд ярьж байлаа. Мөн сумын эмнэлэг нь зориулалтын байргүй, эмч мэргэжилтэн дутагдалтай, нярайн дулаацуулагч шаардлагатай байгаа талаар эмнэлгийн дарга Отгонбаяр танилцууллаа.
Сумын сургуульд 292 сурагч суралцаж байгаа бөгөөд хөл хорионы үед багш сурагчид сурлагын хоцрогдол үүсгэхгүй байх талаар ихээхэн анхаарч буй юм байна. 2100 гаруй хүн амтай тус сум 15482 толгой мал тоолуулсан байна. Байршилын хувьд давуу талтай тус суманд иргэд орлогоо нэмэгдүүлэх жижиг үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой талаар уулзсан малчид, иргэд хэлж ярьж байлаа.
Мөнгөнморьт сумын удирдлагууд байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, үр шимийг нь сумынхаа хөгжилд зориулах талаар идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд хуш модны самарт ноогдуулсан татварын орлого нь 1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн тус сум эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төвийг байгуулах, шилэн кабелийн асуудлаа сайжруулан шийдэх зорилт тавин ажиллаж буй юм байна.Тус сумын иргэдэд үйлчилэх албан газрын барилгууд ихээхэн муудсан бөгөөд 2021 оны улсын төсөвт Засаг даргын Тамгын газрын их засварын ажил суугдсан. Цаашдаа сумын сургуулийн барилгын асуудлыг даруй шийдвэрлэх шаардлага байгаа юм байна.
Мөнгөнморьт, Архустынхан маань өөрсдийн хөдөлмөр зүтгэлээр сум орон нутгийнхаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх, түүнийгээ иргэддээ ээлтэй, хүртээмжтэй байдлаар зарцуулах талаар шийдэл хайж буй нь дэвшил юм.
Эрдэнэ сумын хувьд Улаанбаатар хотын Налайх дүүрэгтэй хил залган оршдог бөгөөд хиллэж буй нутаг дэвсгэрт байгаль хамгаалал, бэлчээр ашиглахтай холбоотой асуудлууд нилээдгүй гардаг байна. Түүнчлэн хүн эмнэлгийн барилга байгууламжийг сайжруулах, соёлын төвийн байгууламжийг аймаг орон нутагт жишиг болгон хөгжүүлэх сонирхолтой байгаагаа холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.
Баяндэлгэр сумын хувьд малын тоо толгой нь 200 мянга давсан хэдий ч өөрийн нутаг дэвсгэртээ боломжоороо оторын малчдыг авч мал сүргээ онд мэнд оруулсан байна. Сумын малын тоо толгой өсөхийн хирээр бэлчээр хамгаалах асуудал, бэлчээр булаацалдахтай холбоотой маргаан ч нилээдгүй гарч байгаа гэнэ. Мөн энэ онд тохиох сумын 100 жилийн ойгоо угтсан бүтээлч ажил арга хэмжээг сумын удирдлагууд нь төлөвлөн ажиллаж буй юм байна. Манай сумдад нийтлэг байгаа эмнэлгийн хүчин чадал, боловсон хүчний асуудал ч Баяндэлгэрчүүдэд байна.
Сумдад ажиллах үеэрээ Д.Туваан гишүүн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 80-аас дээш настай иргэдэд Монгол улсын ерөнхийлөгчийн гарын бэлгийг хүргэж өгөв. Түүнчлэн сумдын соёлын төв, сургуулийн номын санд 2020 оны шилдэг борлуулалттай шинэ номнуудыг түүвэрлэн хандивлалаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn