2021.03.12
Сэргээн босголтын зээлийн банкны төлөөлөгчийн газрын захирлыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг болон Сэргээн босголтын зээлийн банкны Төлөөлөгчийн газрын захирал Михиал Зумзер нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улс, Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа 1991 оноос хойш өргөжин хөгжсөөр энэ онд хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож буйг талууд тэмдэглэв.
ХБНГУ-аас өнгөрсөн 30 жилд эрчим хүч, байгаль орчин, боловсролын зэрэг салбаруудад нийт 470 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр олон төсөл хөтөлбөрийг манай оронд хэрэгжүүлжээ.
Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл дунд, урт хугацааны стратегийн баримт бичгүүдэд тусгагдсан зарим бодлогын хэрэгжилтийг хангахад Сэргээн босголтын зээлийн банкнаас дэмжиж, хамтын үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахаа илэрхийллээ.