С.Амарсайхан: Хил нээхэд бүх талын оролцоо чухал
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар улсын хилийг нээх бэлтгэл ажлын талаар УОК-ын мэдээллийг сонссон байна. Тодруулбал, Монгол Улс энэ оны тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байгаа юм. Энэ талаар өнөөдөр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар хэвлэлийн хурал хийсэн юм.
-Коронавирусний халдвар Монгол Улсад өдөрт 30-аас дээш бүртгэгдэж байна. Энэ тоо тавдугаар сараас өмнө буухгүй бол яах вэ?
С.Амарсайхан: Өнөөдөр л гэхэд 32 тохиолдол илэрсэн. Тэгэхээр эрсдэл багасаагүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахих, зохих дэглэм журмыг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Энэ талд хаа хаанаа анхаарч чадвал бид тавдугаар сарын 1-нд хилээ нээх асуудал эергээр шийдэгдэнэ. Тавдугаар сарын 1-нд шууд нээнэ гэж хэлэх боломжгүй бөгөөд нээхийн тулд бүх бэлтгэлээ хангана. Үүнд бүх талын оролцоо чухал. Өнөөдөр ч ариутгал халдваргүйтгэл хангалттай хийдэггүй аж ахуйн нэгж байна. Ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд бүх талд хатуу зохион байгуулалттай ажиллах шаардлагатай.
-Монгол Улс долоо хоногт 9500 гаруй хүнийг вакцинжуулж байна. Ингэж тооцвол 1.9 сая иргэнээ 4 жилийн хугацанад хамруулах нь. Энэ ажлыг хэзээнээс эрчимжүүлэх вэ?
С.Амарсайхан: Вакциныг Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил гаалийн ажилтнуудад хийж эхэлсэн. Ойрын өдрүүдээс энэ ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Цаашдаа вакцин татан авах ажлаа ч эрчимжүүлэхэд анхаарна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй. Вакцин худалдах авах санхүүжилтийг шийдвэрлэсэн, яриа хэлэлцээрийг эрт эхлүүлсэн ч ханган нийлүүлэлт, нийлүүлэлтээс шалтгаалсан цаг хугацааны асуудал бий.
-Монгол Улсад коронавирус тархсан нь тусгаарлах байруудад дэглэм алдагдсантай холбоотой. Одоо гадаадаас иргэдээ татан авна. Тэгэхээр тусгаарлах байранд ямар шаардлага тавьж байна вэ?
С.Амарсайхан: Тусгаарлах байруудад хяналт шалгалт хийж байгаа. Тусгаарлах байрнаас халдвар тархах эрсдэл байж болохгүй. "Энх саран" сувиллын гашуун туршлага бий. Одоо ч гэсэн цэвэрлэгээ, ариутгал хангалтгүй хийж байгаа асуудал бий. Тиймээс өчигдөр л гэхэд ЭМЯ, ОБЕГ-ын удирдлагуудтай хуралдаж, үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, шинжилгээний цэгийн ачааллыг бууруулах, иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг үүрэг болгосон. Дээр гаргасан шийдвэр доор очоод эзэнгүйддэг, араас нь хатуу хянаж шалгаж байж л ажил хийхгүй бол болохгүй юм шиг хандлага төрийн албанд байна. Энэ талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ч ярьсан. Эмнэлгийн эмч, сувилагч нар ачаалал их байгаа. Ялангуяа лабораторийн ажилтнууд. Хийж байгаа ажил байна, гарч байгаа алдаа ч байна. Үүнийг засах бүрэн боломжтой.
-Хувийн хэвшлийн байгууллага PCR шинжилгээ авч байгаа. Иргэд 72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээний бичиг авахын тулд 98-150 мянган төгрөг төлж байна. Үүнд Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
С.Амарсайхан: PCR шинжилгээний үнэ өртөгтэй холбоотой гомдол ирж байгаа. Сая хэлснээр шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргах шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ирэх долоо хоногоос шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур зэрэг шуурхай шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Ингэж чадвал бид цаг хугацаа, зардал хэмнэнэ.
-Өнгөрсөн онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр сургууль цэцэрлэгийн өргөтгөл хийгээд төсвөөс мөнгөө авч чадаагүй байна. Үүнийг шийдвэрлэх асуудлаар хэлэлцэж байгаа юу?
Ч.Болортуяа: Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яриагүй. Энэ мэдээллийг БШУЯ, Сангийн яамнаас авч өгөхөд туслах боломжтой.
-Сургууль, цэцэрлэгийг хэзээ нээхээр төлөвлөж байна вэ?
С.Амарсайхан: Засгийн газрын шийдвэрийн дагуу орон нутагт хичээл сургуулийг эрсдэлгүйгээр нээх шийдвэр гарсан. Улаанбаатар хотод хэзээнээс эхлэх вэ гэдгийг тодорхойлсон зүйл байхгүй. Үүнийг УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана. Мутацид орсон коронавирус Монгол Улсад орж ирэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс Улаанбаатар хотод зарим хэсэгчилсэн хязгаарлалт хийж, голомтуудаа хумих ажил үргэлжилж байна. Засгийн газар, УОК бүх нийтийн хөл хорио, хязгаарлалт хийхгүй, хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ гэсэн байр суурьтай байгаа.