Загалмайлсан эх
2012.09.14

Загалмайлсан эх

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн ажил албаны нууцыг задалсан нэгэн ном хүмүүсийн гар дээр очсон нь “Загалмайлсан эх” гэсэн нэртэй аж. Түүнд Меркелийг тун тааруухан талаас нь харуулах гэж оролдсон байна.

 

Номыг бичсэн хүн “Меркель ардчиллыг эсэргүүцэгч үү гэсэн асуултыг гурав дахь удаагаа асууя. Энэ асуултад та нар хариу өгөхгүй байсаар өдий хүрлээ. Одоо “тийм”, “үгүй” гэсэн хоёр үгний аль нэгийг нь хэлэхийг хичээнгүйлэн хүсч байна” гэж сэтгүүлчдээс шаарджээ. Тэгээд Гертруд Хёллер “Чухам энэ асуултад та бүхний анхаарлыг хандуулахыг хүссэн юм” гэсэн байна. Германы Канцлер Ангела Меркелийн тухай “Загалмайлсан эх” (“Загалмайлсан эцэг” гэдэг шиг, өөрөөр хэлбэл мафийн бүлгийн толгойлогч гэсэн агуулгаар номоо нэрлэжээ) номыг танилцуулах уулзалтад ирсэн дотоод, гадаадын сэтгүүлчдийн урам хугарчээ.

 

Учир юув гэвэл дуулиан шуугиан ер дэгдсэнгүй. Номыг зохиогч герман судлалын профессор 71 настай нийтлэлч эмэгтэй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг Канцлер асан Гельмут Колийн зөвлөх байсан, сайд болгохоор нэрийг нь дэвшүүлж байсан хэмээн нотолж буй ч энэ мэдээлэл ташаа бололтой. Ямар ч байлаа гэсэн уг мэдээлэл баримтаар нотлогдохгүй байгаа төдийгүй Христосын ардчилсан холбоо (Колийн тэргүүлж байсан нам)-ны ахмад гишүүдээс хэн ч Гертруд Хёллерийг ийм алба хашиж, нэр нь дэвшиж байсныг санахгүй байгаа юм. Тус намын хуучинсаг жиг үүрийн төлөөлөл болох энэ эмэгтэй номондоо Меркелийг тун ширүүн шүүмжилжээ.

 

Тэрбээр Канцлераа социализмын үеийн нэг хүний дарангуйлах дэглэмийг шүтсэн, зарчимч бус, өөрийн эрх мэдлийг хадгалж, бэхжүүлэх ганцхан зорилго өвөрлөсөн “хонины арьс нөмөрсөн гичий чоно” гэж нэрлэсэн байна. Бас өөрийн нам доторх өрсөлдөгчдөө нухчин дарагч, ийм арга барилд хуучин БНАГУ-д байхдаа суралцсан гэжээ. Меркелийг “хууль цаазгүй төрийн гүнээс гарч ирсэн”, “Дорнод Германы саарал хөшигний араас гарч ирсэн”, “өөр ертөнцийн хүн”, “дарангуйлах дэглэмийн нөхц өлд тэсч үлдэх аргын ачаар амь тээж яваад ардчилсан оронд ирж оргилд хүрсэн хүн” гэх мэтээр Гертруд Хёллер Канцлерийнхээ социалист Германаас гаралтайг нь байсгээд л ихээхэн уур цухалтайгаар дурдаад байжээ. Хүүхэд байхаасаа ардчилсэн үзэл санааг толгойдоо шингээгээгүй, ийм үзэл санааг хүндэтгэж, түүн дээр түшиглэж сураагүй “загалмайлсан эх” Германы төдийгүй нийт Европын ардчиллын үндсийг “аажмаар дэлбэлж” байна гэж номын зохиогч үзжээ.

 

Тэгвэл Меркелийн мөн чанарыг “танилгүйгээр” түүнийг ивээж алдаа хийсэн Гельмут Коль христосын ардчиллын үнэт зүйл, христосын ардчилсан бодлого, намын дотоод ардчилал гэж юу байдгийг мэддэг байсан юм. Гэтэл шавь нь түүний өвийг үрэн таран хийж буй хэрэг үү. Номын зохиогч Меркелийг намуудын хоорондох ялгааг муйхраар адилтгаж байна гэж мэдэгдээд, цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзсаныг нь Канцлерийн явуулж буй оппортунист бодлогын жишээ болгосон байна. Тэгэхлээр цөмийн эрчим хүч ашиглахыг Гертруд Хёллер христосын ардчиллын үнэт зүйл гэж үздэг байх нь. “Меркелийг манай улсын ардчилалд аюул учруулах гэж байна хэмээн та үнэхээр үзэж байгаа юм бол түүнийг шүүхэд өгөх юм уу эсвэл огцруулахыг шаардаж Парламентад хандсан бол зөв байсан юм. Хатагтай Хёллер та яагаад ингэсэнгүй вэ” хэмээн нэгэн шүүмжлэгч бичжээ. Гертруд Хёллерийг Меркельтэй хувийн тооцоо бодож байна гэж нэр хүндтэй олон сонин, сэтгүүл улаан цайм үзэж байна. Колийн үед энэ “зөвлөх” ивээлд байж, түүний үгийг хүмүүс сонсдог байжээ.

 

Меркелийн үед тэр хэрэггүй болсон аж. Тэдний хоорондын харилцааны талаарх ямар ч асуултад хариулахдаа Хёллер ихэд бухимдаж, сэтгүүлчдийн асуултыг тасалдаг төдийг үй хариулахаа ч больчихдог байна. Заримдаа шууд хариулахаас зайлсхийж “Миний номыг унш” гэдэг гэнэ. Меркельд дургүй хүм үүсийн урмыг ч энэ ном хугалжээ. “Зарчимгүй”, “эрх мэдэлд дуртай”, “ёс суртахуунг үй” гэх мэтийг зохиогч номондоо байн байн давтсаны зэрэгцээ “Ангела охин бол ЗХУ-ын аварга том хөлөг онгоцноос манай эрэгт хүрч ирсэн Зүүн Германы завь” гэх мэтчилэн профессор хүний үзэгний үзүүрээс гарамгүй үг хэллэг олныг бичжээ. Энэ мэтийг бичсэн 300 хуудас ном хэний ч залхууг хүргэнэ. Хёллерийн энэ номыг улс төрийн дүгнэлт шинжилгээ юм уу, улс төрийн шоглол бүтээл гэж хэлэхэд тун түвэгтэй. Меркель Герман улсын эрх зүй, ёс суртахууны үндэс суурийг унагахаар нүх малтаж байна гэх агуулга энэ номын гол сэдэв юм. Шүүмжлэгчид энэ сэдвийг баталгаа нотолгоогүй, ном бүхэлдээ олигтой баримтгүй баахан таамаглалын цуглуулга болжээ гэж үзэж байна.

 

Германы улс төр судлаач Штефан Детьен, Гертруд Хёллер өөрийгөө шинжлэх ухааны үүднээс судлаач гэж нэрлэх мөртөө Ангела Меркелийн тухай бичсэн номуудыг уншаагүй бололтой. Меркелийн БНАГУ дахь амьдралын үеийн талаар тулхтай өгүүлсэн Жаклин Бойзений номыг ч, Засгийн газрын тэргүүний нь хувьд Меркелийн өдөр тутмын ажил амьдралыг удаан хугацаанд ажиглаж байж бичсэн Маргарет Хекелийн бүтээлийг ч, Меркелийн үйл ажиллагаанд олон талаас нь задлан шинжилгээ хийсэн “Ди Цайт” сонины Бернд Ульрих, Маттиас Гаас нарын бичсэнийг ч уншаагүй юм байна” гэсэн дүгнэлт хийжээ. Гертруд Хёллер нь Меркелийг байнга шүүмжилдгээрээ олонд танил болсон хүн учраас түүний бичсэн ном гэнэтийн сонин хачин юм биш байв. Уг номонд бичсэнээр бол Меркельд хоёр гайгүй чанар байдаг нь “нүдэнд дулаахан хүн”, “тун дэг журамтай байдал” нь аж. Бусад талаар зүүн Германы энэ эмэгтэй (Меркель)-д “авах юм байхгүй” гэнэ. Меркелийг 35 настай байхад хоёр Герман нэгдсэн байна. Тэгэхлээр Меркель социализмын нөхцөлд ийм хугацаагаар амьдарсан байх нь.

 

Колийн “зөвлөхийн” бодлоор бол Меркель “ардчиллын замаас аль хэдийнэ хальтираад, “нууц байгууллагын” аргыг үйл ажиллагаандаа байнга ашигладаг аж. Номынхоо нэрийг ч чухам үүнээс үүдэж өгсөн байна. Европт Канцлерийн явуулж буй бодлогод ардчиллын эсрэг хандлага илүү хүчтэй илэрч байна” гэж Хёллер үздэг. Түүнээс гадна Меркелийг өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдынхыг хулгайлдаг гэж тэр бас зэмлэдэг. Меркельд мөн дарангуйлагчийн шинж чанар бий гэж Хёллер хэлдэг. Бундестагийн сонгуулиас нэг жилийн өмнө номоо олны хүртээл болгохдоо Меркельд сэтгэл дундуур байдаг Христосын ардчилсан холбооны гишүүдийг нойрноос нь сэрээхийг Хёллер зорьсон байна. Меркелийг аль муугаар хэлдэг хэрнээ тэрбээр түүнд хувийн өшөө хонзон өвөрлөдөггүй гэдэг аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.