Хотын даргын өгүүлсэн хотын түүх
2021.03.22

Хотын даргын өгүүлсэн хотын түүх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “UBS” телевизийн “Өглөөний мэнд, Улаанбаатар” нэвтрүүлэгт оролцож, нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүх болон бусад асуудлаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэе.

  1. Улаанбаатар хот 1778 онд одоогийн суурин дээрээ нүүж ирсэн. Өндөр гэгээн Занабазар 1635 онд мэндлээд, түүний дараа 1639 онд Өргөө нэртэй их хотын анхны шав тавигдсан гэж үздэг. Үүнээс хойш Улаанбаатар хот нүүдлийн шинжээ хадгалсан, өөрийнхөө өвөрмөц орд өргөөний хэв маягаа хадгалж шилжиж явсан хот юм.
  2. Тухайн үед төрийн захиргаа, улс төр, урлаг соёлын бүх шийдвэрүүд шашинтайгаа уялдаж тухайн төв өргөө, ордыг дагаж гарч байсан учраас нийслэл гэж хэлэхээс аргагүй. 1639-1651 онд Өргөө, 1651- 1706 онд Номын Өргөө нэртэй явж байгаад 1911 он хүртэл Их Хүрээ нэртэй болсон.
  3. Тухайн үед Алтан тэвшийн хөндийд 1778 онд Цайны зам буюу гол худалдааны зам байсан. Туулын дэнж дээр суурин байсан нь үүнтэй холбоотой. Хойшоо гол худалдааны зам буюу Хиагт ордог зам байсан. Ус, байгаль сайтай. Урагшаа ус байхгүй. Хамгийн хүнд хэцүү зам бол говийн зам байсан байна. Тиймээс говь руу явахаас өмнө бүх зүйлээ базаадаг гол замын уулзвар байж. Үүнээс хойш Улаанбаатар хотын суурин шав тавигдсан гэж үздэг.
  4. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд хаант төр улсаа байгуулж улсын төвийг “Нийслэл хүрээ” нэртэйгээр 1924 он хүртэл явсан. Үүний дараа Ардын хувьсгал ялж улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрийдсэн.
  5. Улаанбаатар гэдэг нь улаан Жамсран, улаан сахиус зэрэг том сахиуны нэрээс үүдэлтэй гэж үздэг.
  6. Хот суурин байгуулахдаа газар шинжиж, байгалийн болон зурхайн ухаанд сайн хүмүүсээр хослуулж байж тухайн байршлаа сонгодог байсан. Энэ дагуу Туул, Сэлбийн голоо бараадаж, хот сууринаа байгуулсан байна.
  7. Нийслэл хот 1.539.0 мянган хүн амтай.
  8. Улаанбаатар хот дэлхийн 15 хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай. Хамгийн анхны ах дүүгийн харилцаа тогтоосон хот нь Москва хот.
  9. Улаанбаатар хотын бүтэн байгуулалт Монгол, Хятад хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд гол барилга байгууламжууд баригдсан байдаг.
  10. БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл Энхтайвны гүүрийг барьж өгсөн. Үүнээс гадна 120 мянгат, 220 мянгат зэрэг олон барилга байгууламжийн бүтээн байгуулалтад оролцсон.
  11. Тухайн үед Ю.Цэдэнбал даргын бодлого, менежмент мундаг байжээ. Оросоос ч тэр, Хятадаас ч тэр тусамжаа авчихдаг байж. 1987 онд Монгол Улс үйлдвэрлэлээрээ Хятадаас дээгүүр байсан. Ю.Цэдэнбал дарга ийм улсыг хүлээлгэж өгсөн ч ардчиллын зааг дээр алдаа гарсан.
  12. Хятадын талтай ярилцаж Энхтайвны гүүрийг өргөтгөсөн байдлаар шинэчилнэ. Зураг төслийн ажил явагдаж байгаа.
  13. 1929 онд Наймаа хотоос Их Хүрээ рүү нийтийн тээврийн анхны үйлчилгээ явж байсан түүхтэй. Орчин цагт илүү шийдвэлтэй, тохилог, дулаан, түргэн шуурхай нийтийн тэврийг бодож байгаа. Ойрын хугацаанд автобусаа сонгож оруулж ирэхээр бэлдэж байна. Метро барьж байгууллахаар судалгаа, тооцоотой эхний үе шатыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
  14. Нийслэлд 150 гаруй хөшөө дурсгал бий. Үүнээс 70 гаруй дурсгалт газрыг соёлын өвд бүртгэж авсан. Уланбаатар хотын хөшөө дурсгалт газруудыг соёлын өвд бүртгээд тухайн үеийнхээр нь шинэчилж баримаар байгаа юм. Ингэхийн тулд ямар материалаар, ямар технологиор барьсан гэдгийг нарийвчлан судлах хэрэгтэй.
  15. Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Чингисийн алтан ургийн ноён Намнансүрэн нарын амьдарч байсан барилга байгууламжийг сэргээн босгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. ОХУ-ын Омск хотод тухайн үеийн хөгжмийн мастер амьдарч байсан барилгыг хотын соёлынхоо өвд бүртгэсэн. Тэнд урлагынхан нь байрладаг. Тухайн байшинд нэг хадаас нэмэхэд хотын захиргаанаасаа зөвшөөрөл авдаг. Гэтэл бид яаж байна. Сайн ноён ханы өргөөг харахад зүрх эмтэрмээр. Соёлын өвдөө бүртгэсэн хэрнээ зарчихсан. Өөрсдийнхөө түүх, өв соёлыг улдаа гишгэсэн. Нөгөө талаар худалдан авсан хүнийг хохироосон ийм үйлдэл болсон.