- Монгол Улс Ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засагт шилжсэнээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг намын удирдлагын тогтолцоо задарч шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсан. Үндсэн хуульд тулгуурлан бусад хуулиуд ч батлагдан гарсан. Тэдгээрийн нэг нь Газрын тухай хууль юм. Уг хуулийг 1994 онд баталсан бөгөөд дагалдан хэд хэдэн хуулийг баталсан түүхтэй.
- 2002 онд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хууль гараад 2003-2004 онд иргэддээ баахан газар өмчлүүлсэн. Өмчлүүлсэн газар улам тэлээд хотжих үйл явц бий болсон. Иймд иргэдийнхээ өмчилсөн газрыг төр буцаан авч, авсан газар дээрээ нь цэцэрлэг, сургууль, зам барьж иргэддээ зориулсан нийгмийн болон инженерийн дэд бүтэц бий болгож байх эрх зүйн харилцааг буй болгох хэрэгтэй байна. Бас улс орон хөгжихийн хирээр хийн хоолой, төмөр зам, олон улсыг холбосон авто замыг шинээр барих бүтээн байгуулалтын ажил явагдана. Энэ газрын асуудлыг шийдэх зайлшгүй хууль эрхзүйн асуудал гарч ирсэн учраас шинэ хууль орж ирж байна.
- Газрын үнэлгээний асуудлыг Кадастрын тухай хуульд тусгаж өгч байгаа. Засгийн газраас 2018 онд хоёр тогтоол гарсан. Үүний нэг нь 1997 онд гаргасан Засгийн газрын 152 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээг баталсныг 21 дахь жил дээрээ өөрчилсөн бол нөгөө тогтоол нь газрын үнэлгээ хийх, бүсчлэх арга зүйг тогтоосон.
1997 онд баталсан Засгийн газрын 152 дугаар тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын бүх газрын үнэлгээ 1 м2 нь 44,000 төгрөг байсан. Зэрэглэл хамааралгүй хотын төвийн А зэрэглэлийн бүс, хаа байсан Шувуун фабрикийн газрын үнэлгээ яг адил байсан. Тэнд дэд бүтэц байна уу, байхгүй юу, газрын үржил шим, нийгмийн дэд бүтэц нь газрын үнэ цэнд орох зүйл нөлөөлдөггүй байсан.
2018 онд Засгийн газрын 181, 182 дугаар тогтоол гарснаар, нэгдүгээрт бүсчлэлийг нарийвчлан тогтоосон. Монгол улсын газар нутаг дахь бэлчээр, хадлан, тариалан дөрөвхөн бүстэй байсныг 31 бүстэй болгосон. Жишээ нь Сэлэнгэ аймагт байгаа үржил шимтэй хар хөрстэй газрыг Төв аймгийн урд байгаа Баянцагааны нутагтай ижил үнэлж болохгүй.
Харин газрын үнэлгээний бүсийг тогтоох, газрын төлбөр ногдуулах итгэлцүүрийг батлах эрх хуулиараа сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Гэтэл нөхцөл байдлаа мэргэжлийн түвшинд харгалзахгүй сум, дүүрэг өндөр газрын төлбөр авах гээд жишээ нь 0.1-1.0 хүртэл итгэлцүүр хэрэглэх байтал зарим нь хэт туйлшраад шууд 1.0 гэсэн итгэлцүүр хэрэглэдэг зөрчил гардаг. Үүнийг засаж сайжруулах шаардлага бий.
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү
Монгол Улсын иргэнд газар үнэгүй өмчлүүлэх хугацаа 2018 оноос дахин 10 жилээр сунгагдсан. Хугацааны хувьд хэд хэдэн өмчлөх хугацаанд өөрчлөлт орж үнэгүй өичлүүлж байгаагаас иргэдийн дунд газар өмчлөх асуудлыг уралдаан мэтээр ойлгодог. Иргэн хүн хуулиар зөвшөөрсөн байршилд хэзээ ч газраа өмчлэх эрхээ хэрэгжүүлж болох ёстой. Гэтэл үүнийг хугацаагаар бариад байгаагаас ямар ч үр шимгүй, инженерийн болон нийгмийн дэд бүтэцгүй газрыг хаа хамаагүй өмчилж авдаг.
- Тухайн жилд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар жил бүр баталдаг. Уг төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргадаг. Харин иргэнд өмчлүүлэх хэмжээ, байршил, зориулалтыг жил бүр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн манай байгууллагад ирүүлдэг. Бид ирүүлсэн саналыг хууль зөрчсөн, газар зохион байгуулалт, хотын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан эсэхийг хянаж Засгийн газраар хэлэлцүүлж баталгаажуулсны дараа уг шийдвэрийн дагуу Засаг дарга иргэдэд газар өмчлүүлдэг.
- Газрын цахим биржийг 2017 оноос хөгжүүлж байна. Өнөөдөр манай улсад холбогдох хууль тогтоомжийн дагуу газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж байна. Өөрөөр хэлбэл эрх үүсэж байна гэсэн үг. Эдгээр эрхийг үүсгэхийн тулд эхлээд газрыг төлөвлөдөг. Заавал төлөвлөж байж, төлөвлөснөө тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулаад Засаг дарга нь газрыг иргэн, хуулийн этгээдэд олгох шийдвэр гаргадаг.
Газрын тухай хуульд зааснаар зөвхөн тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газраас газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг Засаг дарга гаргах ёстой. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлдэггүй, албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж дураараа газар олгодог, танил талаа хардаг асуудал байсан.
Одоо бид цахим технологи уруу шилжиж бүх төлөвлөлтөө цахимаар боловсруулж цахимаар нэгдсэн мэдээллийн санд оруулж, үүнийхээ дараа газрын эрхийн харилцаа үүсгэдэг болгоод байна. 2019 оны 11 сард Улсын Их Хурлаар улсын төсөв батлагдахад Газрын тухай хуульд оруулсан өөрчлөлт бол зөвхөн дуудлага худалдаагаар газар олгож байя гэсэн заалт оруулсан.
Дуудлага худалдааг цахимаар буюу танхимаар гэсэн 2 аргаар явуулдаг. Танхимаар олгоход жишээ нь Манай улсад 2017 онд 200 гаруй дуудлага худалдааг танхимаар хийж 280 орчим иргэд оролцож 2.1 тэрбум төгрөг улсын төсөв орсон. Гэтэл цахимд шилжсэнээр оролцогчийн тоо 2800-3000 болж, нэг танхим дотор 2 танил хүн орж ирээд хуйвалддаг үйл явц байхгүй болсон. Яагаад гэвэл Монгол улсын аль ч газар нутгаас гар утсан дээрээсээ биржийн дуудлага худалдаанд орох бүрэн боломжтой болсон. Бие биенийгээ харахгүй үнийн өрсөлдөөн явагддаг. Улсын төсөвт орох орлогын хэмжээ жилдээ 10 тэрбум төгрөгөөс давснаас харахад болсноос харахад үр ашигтай болох нь харагдаж байгаа.
- Төлөвлөгөөг цахим хэлбэрт шилжүүлснээр улсын хэмжээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэд, олон нийтийн оролцоотойгоор нээлттэй, ил тод, төрийн нэгдсэн мэргэжлийн удирдлага, хяналт дор явуулах боломж бүрдсэн. Мөн түүнчлэн Чөлөөт бүсийн захиргаа, БОАЖЯ, Ашигт малтмалын газар гэх мэт бусад салбарын газрын эрх олгодог байгууллагууд ч энэ системийг ашиглан олгох газраа хоорондоо харилцан уялдаатай төлөвлөж, газрын кадастр, биржийн системээр дамжуулан хэрэгжүүлэн улсын хэмжээнд нэгдсэн бүртгэл үүсгэх боломжууд давхар бүрдээд байна. Ингэснээр төлөвлөлт, хяналтгүйгээр хууль зөрчин газар олгож, зөрчил, маргаан үүсгэн төрд болон иргэдэд хохирол учруулдаг асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
- Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд дараах 6 төрлийн систем байгтаж байгаа юм. Үүний дотор дээр дурдсан “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн”, “Газрын үнэлгээний”, “Газрын цахим биржийн” систем, мөн “Газрын мониторингийн”, “Газрын кадастрын нэгдсэн бүртгэлийн”, “Хот байгуулалтын кадастрын” гэсэн системүүд багтаж байгаа юм аа. Цаашид “Хаягийн” системыг хөгжүүлж байна.
Эдгээрийн нэг нь газрын төлөв байдал, чанарын мониторингийн систем юм.
Одоогийн байдлаар монгол орны нийт 156 сая газар нутгийн 6 сая га газрыг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулаад байна. Газрыг иргэн бүр зөв зохистой ашиглах ёстой.
Тэгэхээр төр өөрийн мэдэлд байгаа 150 сая га газар нутаг, иргэддээ эрх зүйн харилцаанд оруулсан 6 сая орчим га газрын төлөв байдал, чанарт хяналт тавих асуудал байгаа юм.
Мөн иргэд, хуулийн этгээд Газрын тухай хуулийн дагуу 5 жилд нэг удаа өөрийнхөө зардлаар газрын хянан баталгааг хийлгэх ёстой. Гэтэл энэ өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Энэ ажил зайлшгүй хийгдэх ёстой.
Тиймээс төрийн өөрийн мэдлийн газрын төлөв байдал, чанарт байгаль орчин гэх мэт бусад салбаруудтай хамтран хэрхэн хяналт тавих, иргэд, хуулийн этгээдийн эрх зүйн харилцаа үүссэн газарт хэрхэн захиалгат хянан баталгаа хийж хяналт тавихад чиглэсэн “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ”-ний цахим системыг хөгжүүлээд хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Дархан аймаг дахь болон бусад хувийн хөрсний шинжилгээ хийдэг лабораторуудын өгөгдөл мэдээллийг нийлүүлээд шинжилгээ авч байгаа газар нь яг хаанахын ямар хүний нэр дээр байгаа аль аймгийн нутагт байгаа ямар координат дээр байгаа газар гэдгийн бүртгэж аваад лабораторийн шинжилгээ гармагц манай мэдээллийн системд шууд орж байхаар хөгжүүлж байна.
Ер нь байгаль газрын байдал хэрхэн өөрчлөгдөж, эвдэрч хувирч байна гэдгийг хянаж, хариу арга хэмжээг авч байх хэрэгтэй. Олон жил, олон үеэрээ амьдрах учраас нэг хэсэг нь баллаад явж болохгүй. Тийм учраас ийм газрын төлөв байдал, чанарт гарч буй өөрчлөлтийг тухай бүр тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байх зорилго бүхий хяналтын мониторингийн системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.