Б.Энх-Амгалан: Дусал ус бидний ирээдүй
1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлаж Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Зөвхөн энэ өдөр усаа хайрлан,хамгаалах талаар ярих бус өдөр бүр усны үнэ цэнийг хүн бүрт сануулж байх шаардлагатай болж байгааг жил бүр багасаж байгаа усны нөөцөөс харж болно.Гишүүдийн хувьд ч энэ өдөр тоо баримтан дээр суурилсан мэдээллийг өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан цахим хуудсандаа дараах мэдээллийг оруулсан байна.
Судалгаагаар 1971 оны байдлаар нийт газар нутгийн 63 хувьд олон жилийн цэвдэг тархсан гэж үзэж байсан бол 2016 онд 29.3 хувь болоод байгааг тогтоожээ. Манай улсад цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл жилд дунджаар 54 удаа тохиодог ч сүүлийн 20 жилд давтамж нь хоёр дахин нэмэгдсэн байна.
УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын хувиар ОХУ-ын Алс Дорнодын төв Хабаровск хязгаар дахь ОХУ-ын Шинжлэх Ухааны байгууллагын эрдэмтэн судлаачидтай уулзах үеэрээ УСНЫ ЭХ, ОЙН САН-г хамтран хамгаалах талаар санал солилцсон юм.
"ЭХ НЬ БАЙХГҮЙ БОЛ АДАГ НЬ ҮГҮЙ" гэсэн үг бий хэмээн, эдгээр гол мөрөн, нууруудын эх ундарга болсон голын ай сав газар, ойн санг ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтарч хамгаалах, хамтарч судалгаа явуулах талаар санал тавьж байсан юм.
ОХУ-ын Байгаль нуур, Галуут нуур, Ангар мөрөн, Амар мөрөн, Енисей мөрний эх ундарга бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаг.
Байгаль нуур нь манай СЭЛЭНГЭ мөрнөөс эх авдаг, Сэлэнгэ мөрөнд Эгийн гол цутгана, Эгийн гол нь Хөвсгөл нуураас эх авдаг бол Байгаль нуураас Ангар мөрөн эх авдаг хүйн холбоотой. ШИШГЭД гол Енисей мөрөнд цутгадаг.
ОНОН гол Хэнтийн нурууны араас эх авч, олон жижиг голуудыг нийлүүлэн урссаар Ингэдэй мөрөнтэй нийлж, Шилка мөрөнд цутгадаг. Шилка мөрөн цааш урссаар Монголчуудын түүхэнд холбогдох Эргүнэ мөрөнтэй нийлж Амар мөрөнд цутгадаг байна.
ХЭРЛЭН гол Хэнтийн нурууны өврөөс эх авч, ойн бүс, өргөн уудам Дорнодын тал нутгаар урсан, ӨМӨЗО-ны Далай нуурт цутгана. ХАЛХ гол Буйр нуураар дамжин Далай нуурт, Далай нуур цааш урссаар Амар мөрөнд цутгадаг. Амар мөрөн бол Хаборовскийн хязгаарын газар нутаг дагуу Орос, Хятадын торгон хилийн дээс болж өргөн их тайга дундуур олон хот, тосгодыг усаараа тэжээж, 4444 км урсан манай дэлхийн усны эх булаг болсон "Номхон далай"-д цутгадаг.
УС БОЛ ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ. Усны эх, ай саваа хамгаалъя
гэсэн мэдээллийг гишүүн өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn