Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2021.03.24

Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.24) хуралдаан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.16-д заасны дагуух  дэгээр 9 цаг 18 минутад 15 гишүүн бүртгүүлснээр эхэллээ.

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

    Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” гэж,  мөн түүнчлэн Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.4.5-д “Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, хүүхдийн тэтгэмж тогтоох болон газар өмчлөх эрх нь хөндөгдсөн төлбөрийн чадваргүй иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан.

    2014 онд мөрдөгдөж эхэлсэн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн зохицуулалтаар төрийн хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлж байна.

    Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн “Улсын өмгөөлөгч” нь төлбөрийн чадваргүй яллагдагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Хууль зүйн туслалцааны төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, 2 суманд нийт 31 салбар, 72 албан хаагчтайгаар улсын хэмжээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Тус төв нь 2014-2020 онуудад нийт 62502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 17506 эрүүгийн хэргийн 19042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ.

    2019-2020 онд зөвлөгөө авсан нийт иргэдийн 53.5 хувь нь эрүүгийн хэрэг, 39.1 хувь нь иргэний маргаан, 7.4 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтан, түүний шийдвэрийн талаар хандсан байна. Хууль зүйн зөвлөгөө авсан иргэдийн ихэнх нь үнэ төлбөргүй өмгөөлөл болон улсын өмгөөлөгчийн талаарх мэдээллээс гадна өмчлөх эрх, хүний эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч, ялангуяа насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хэрхэн хамгаалах, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эцэг тогтоолгох, гэр бүлийн хөрөнгийн маргааны асуудлаар хууль зүйн зөвлөгөө авчээ.

    Хуулийн хэрэгжилттэй холбогдох судалгаа, олон улсын туршлагаас харвал төрөөс үзүүлэх хууль зүйн туслалцааг эрүүгийн хэргийн яллагдагчаас гадна иргэний болон захиргааны зарим төрлийн хэрэг, маргаанд оролцогч төлбөрийн чадваргүй хүн, зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн гэв.

    Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээг өргөжүүлэх, хууль зүйн туслалцааны байгууллагын одоогийн тогтолцоог хэвээр үлдээх, одоогийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад үндэслэн зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.

    Тодруулбал, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг, 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг” гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн төлбөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хохирогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн төлбөрийн чадваргүй хүн, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

    Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, татгалзах шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тодорхой болгох, түүнтэй холбоотойгоор хууль зүйн туслалцаа авч байгаа иргэн болон хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хариуцлагын асуудлыг тусгасан гэлээ. Түүнчлэн улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, баталгаа түүнтэй холбоотой бусад харилцааг тодорхойлж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг бусад орлогын эх үүсвэрээс санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлжээ.     Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо, хувийн өмгөөлөгч оролцуулах журам, өмгөөллийн хөлсний санхүүжилтийн талаар тодорхой болгож тусгасан байна.

    Хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн чадваргүйн улмаас хууль зүйн туслалцаа авч чадахгүй иргэдийн эрхийг хангах хууль зүйн туслалцааны тогтолцоо боловсронгуй болж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэрэг иргэний үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, Х.Нямбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

    Хууль зүйн туслалцааны төвийн нийт 31 салбарын 72 албан хаагч хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөлөл үзүүлэх үйлчилгээг үзүүлэн ажилладаг байна.  Эдгээр албан хаагч төсвөөс цалинждаг бөгөөд сард гар дээрээ 640 мянган төгрөгийн цалин авч байгаа ч үйл ажиллагааны явцын зардлыг хувиасаа гаргадаг болохыг тайлбарлаж байв. Хууль зүйн туслалцааны төвийн төсөв хангалтгүйн улмаас үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх бололцоо хязгаарлагддаг гэх хариултыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж өглөө. Тус төв нь улс даяарх 31 салбараараа дамжуулан эрүү, иргэн, захиргааны чиглэлд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг ч 2021 онд 900 гаруй сая төгрөгийн төсөвтэй байна.

    Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээнд цахим хэлбэрийг нэвтрүүлэхэд холбогдох талууд онцгойлон анхаарах, нийтийн өмч болсон радио долгионуудыг бага өртгөөр ашиглаж буй өргөн нэвтрүүлгийн телевиз болон богино долгионы радио станцуудаар хууль, эрх зүйн сурталчилгааг тогтмол явуулахыг хуульчлан үүрэгжүүлэх саналыг хэлсэн. Н.Алтанхуяг гишүүн, дээрх хэмжээний цалинтай төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлснээр өмгөөллийн чанар сайжрахгүй гэдгийг анхаарч, энэ төрлийн үйлчилгээг олон улсын чиг хандлагад нийцүүлэх маягаар буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулах механизмийг бүрдүүлэх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Тэрбээр төлбөрийн чадваргүй хүмүүст эрх зүйн дэмжлэг үзүүлэх зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэхүү төсөл нь батлагдвал хохирогчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд дэвшилт болж байгааг Ц.Мөнхцэцэг гишүүн онцлоод, иргэд олон нийтэд хууль сурталчлах, мэдээлэл түгээх чиглэлд онцгой анхаарах шаардлагатайг хэлж байв. Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн үйл ажиллагааг чанаржуулах, улсын өмгөөлөгчдийн цалин хангамжийг анхаарах саналуудыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, улсын өмгөөлөгч гэдэг нэр томьёог зохисгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр “Улсын гэх өмгөөлөгчдийг “төрийн албан хаагч” гэж тодорхойлсон нь ч оновчгүй. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн саналыг авах, байр суурийг сонсох нь зүйтэй. Төрийн албаны зардал хэтэрч байгаа, төрийн албан хаагчдын тоог нь бууруулах арга замыг эрэлхийлж байхад ийм төрлийн эрх зүйн зохицуулалтыг оруулж байгаа нь зохисгүй” гэв. Хууль дахь оновчгүй нэр томьёоноос үүдэн гажуудал үүсэх, цаашлаад “улсын” гэсэн тодотголтой өөр ажил, үйлчилгээнүүд нэмэгдэх эрсдэлийг ч дурдаж байлаа. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний ес нь буюу 56.2 хувь нь дэмжнээр энэ талаарх санал, дүгнэлтийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.