Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төслийн талаар танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болсон байна.
Уг хуулийн төсөл долоон бүлэг, 46 зүйлтэй. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хотыг хөгжүүлэх бодлого, хотын онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгажээ. Мөн нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан байна. Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд нийслэл өөрийн хөрөнгөд үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтуудыг холбогдох бусад хуульд нийцүүлэн тусгасан аж.
Мөн нийслэлийн дагуул хот, хаяа тосгоны асуудлыг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах шаардлагатай байгаа юм. Одоогийн хуулиар эл харилцааг нарийн зохицуулаагүй байдаг. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгасан байна. Мөн уг хуулийн төслөөр Улаанбаатар хотын Захирагч нь Ерөнхий менежерийг томилж ажиллуулах, зарим бүрэн эрхээ шилжүүлэх боломж олгож буй юм.
Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва “Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь таван бүлэг, 23 заалттай. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулийн заалтуудыг өргөтгөж, эрх зүй, эдийн засгийн боломжийг хотод олгох талаас нь шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд төсөлтэй холбогдуулан өмнөх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, зарим хууль, тэдгээрийн дагалдах хуульд өөрчлөлт оруулах төслүүд, УИХ болон Засгийн газрын зарим тогтоолд өөрчлөлт оруулах төслийг танилцуулж байна” гэсэн юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага болон иргэдээс цахимаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг энэ сарын 23-ны өдөр байгуулсан. Тиймээс дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэл тус хуулийн төсөлд санал авах юм .