Нарийн мэргэжлийн эмч нарыг докторын хөтөлбөрт хамруулах чиглэлээр Франц улстай хамтарна
2021.03.26

Нарийн мэргэжлийн эмч нарыг докторын хөтөлбөрт хамруулах чиглэлээр Франц улстай хамтарна

Монгол, Франц улс 2015 онд боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж Засгийн газар дундын тэтгэлгээр жил бүр 10 оюутныг магистр, докторын хөтөлбөрт хамруулж байна.

Энэхүү тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэх, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр ложистикийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хүсэлтийг уламжилж,  Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин судалж хариу өгөхөөр боллоо.

Франц улсад “Иналка” дорно дахины хэл соёлын дээд сургууль байдаг. Уг сургуульд хоёр Монгол багш ажиллаж Монгол хэлийг Францын болон бусад орны иргэдэд заадаг байна. Монголд Франц хэлний багш нарын холбоо байдаг. Тус холбоогоор дамжуулан Франц хэлийг сурах хүүхэд залуучуудад өргөн боломж нээхэд БШУЯ анхаарч ажиллах юм.

Цар тахлын үед Монгол, Францын хамтарсан дунд сургуулийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ирсэнд талархаж байгаагаа ноён Элчин сайд илэрхийллээ. Тэрбээр Францад сурдаг Монгол оюутнуудын визийг сунгах, байр сууцны асуудлыг хүндрэлгүй шийдэхэд тус улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа гэв.

Мансууруулах бодисын талаар сурагчдад зөв мэдээлэл өгч, тэднийг урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болж Францаас зөвлөх авах, тусгай сургууль цэцэрлэгийн багш нарыг тус улсад давтан сургах зэрэг өмнөх сайд нарын үед ярьсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.

Судалгааны их сургууль, ШУА, хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг уялдуулан кластер хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.