Х.НЯМБААТАР: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой эрүүгийн хэргийг энэ сарын 31-нд хэлэлцэнэ
2021.03.26

Х.НЯМБААТАР: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой эрүүгийн хэргийг энэ сарын 31-нд хэлэлцэнэ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т. Чимгээгийн ах Т.Хүрэлбат өлсгөлөн зарлаж байгаа билээ. Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, нөхөр С.Бямбасүрэн нартай уулзлаа.

Тэрбээр “Нэгдүгээрт, хаврын цагт өлсгөлөн зарлах нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тийм учраас та өлсгөлөнгөө зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, хорио цээрийн дэглэм сахих үүднээс олон хүн цуглуулахгүй байх нь зүйтэй юм. Гуравдугаарт, эрүүдэн шүүлттэй холбоотой Эрүүгийн хэргийг ирэх долоо хоногийн гурав дахь өдөр буюу энэ сарын 31-ны өдөр Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимд хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан.

Тийм учраас дээд шүүхийн шийдвэрийг хүлээвэл зүгээр юм шүү гэдэг саналыг танд хэлэх гэсэн юм. Би ХЗДХ-ийн сайдын хувьд даваа гарагт Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаярт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т заасан дөрвөн үндэслэлд Улсын дээд шүүх албан ёсоор тайлбар гаргаж өгөөч ээ. Ямар тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлыг Улсын ерөнхий прокурор бичих ёстой юм бэ" гэх агуулгатай албан бичиг хүргүүлсэн” гэлээ.