Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.24) хуралдаан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.16-д заасны дагуух дэгээр 9 цаг 18 минутад 15 гишүүн бүртгүүлснээр эхэллээ.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор дээрх төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.
Ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр сарын 12, 18, 25, гуравдугаар сарын 23-ны өдрүүдэд тус тус хуралдаж, танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гаргажээ.
Хуулийн үйлчлэх хүрээний хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчаас гадна гадаад улсын нутаг дэвсгэрт хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсан Монгол Улсын иргэний эрх зүйн байдлыг зохицуулах харилцааг тусгаж, нэр томьёоны хэсэгт хүний эрх хамгаалагч, хүний эрх хамгаалах үйл ажиллагааг тодотгож, хуулийн зарчим хэсгийг хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон өөрчилж, хүний эрх хамгаалагч нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад хуулийг сахин биелүүлэх, шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зэрэг зарчмыг тусгасан байна.
Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн зүгээс хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шуурхай арга хэмжээ авч ажиллах, байгууллагынхаа дотоод журамд хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг тусгах, сургалт зохион байгуулах гэх мэт тодорхой үүрэг хүлээхээр хуулийн төсөлд тусгажээ.
Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хорооны гишүүнийг сонгон шалгаруулах механизмыг илүү тодорхой болгох үүднээс Комисс олон талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс дөрвөн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох зохицуулалтыг боловсруулсан байна.
Хорооны гишүүн нь орон тооны бус байх бөгөөд хороонд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, баримт, нотолгоо цуглуулах, хадгалах, мэдээллийн сан үүсгэх зэрэг Хорооны гишүүний үйл ажиллагааг байнгын тасралтгүй явагдаж байх нөхцөлийг хангах юм.
Хүний эрх хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдсан санхүүгийн нөөц, эх үүсвэр нь илт, тод, нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд хүний эрх хамгаалагч нь санхүүгийн эх үүсвэрээ хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламж, төрөөс үзүүлсэн мөнгөн болон бусад хэлбэрийн санхүүгийн дэмжлэг, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр тусгасан болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулав.
Ажлын хэсэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй 24, найруулгын шинжтэй 4, дагасан хуулийн төслийн талаарх 4 саналыг бэлтгэн томьёолжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахдаа хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.