Хүний эрхийг ХАМГААЛАГЧИЙН хороотой болно
Монгол улс Хүний эрхийн хамгаалагчийн хуультай болох нь. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өмнөх парламентын үед буюу 2020 оны 05 сарын 11 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг төслийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 53,8 хувь нь дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх юм. Ингэснээр энэ төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийдэх юм.
Манай улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийг санаачлах болсон шалтгаан нь юу вэ?
Тус төсөл нь "Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль" нэртэй бөгөөд 4 бүлэг 15 зүйлтэй.
Төсөл санаачлагч, УИХ-ын гишүү Д.Цогтбаатар "Бид ардчилсан орон, хүний эрхийн институцээр хангагдсан гэж сэтгэл амарч болохгүй. Яг одоо хүний эрх зөрчигдөөд явж байгааг бид бүгд мэднэ. Хүний эрхийн талаар идэвхтэй дуугардаг 4-5 хүнийг "чимээгүй болгоход" цаана нь сая хүн чимээгүй болж байдаг. Харахад манай улсад хүний эрхийн бүх институт байна. Гэтэл бодит байдал дээр хуулийн давах ёсгүй босгыг "дарга тэг гэсэн" гээд даваад л байна. Хуулийн босгыг ингэж давах бүрт ард нь хүний эрх зөрчигдсөөр л байна"
Хууль хэрэгжих гол санаа нь
Хүний эрхийн хамгаалагч гэж хэнийг хэлэх вэ?
“хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, хүчирхийллийн бус арга замаар хүний эрхэм чанар, олон улсын эрх зүйн нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, хамгаалахад оролцож байгаа хүний хэлнэ.
Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ?
"ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИЙН ХОРОО" байгуулагдах юм. Энэхүү хороо нь долоогоос доошгүй жил хүний эрхийн асуудлаар ажилласан 7 гишүүнтэй байна. Хорооны дарга нь Хүний эрхийн Комиссын гишүүн байна.
Гишүүдийг сонгохдоо ашгийн бус хуулийн этгээдээс нэр дэвшин сонгогдсон 4 гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.Хорооны дарга, гишүүд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.
Тус хороо нь төр, олон нийтийн төлөөлөл бүхий хүний эрх хамгаалагчийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байна. Мөн хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл, гомдлын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх, бичгээр хариу авах, эрсдлийн үнэлгээ хийх, хүний эрх хамгаалагчийг хамгаалах шаардлагыг үнэлж дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хороог Хүний эрхийн Комиссын дэргэд бие даасан хараат бус байдлаар байгуулах учраас төрөөс жилд 33 орчим сая төгрөгийн зардал гарна гэж төсөл санаачлагчид тооцжээ.
Олон улсын жишиг ямар байдаг вэ?
НҮБ 1998 онд (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргажээ
Дэлхийн улсуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтад орж буйг анхаарч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1998 оны A/RES/53/144 тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргаж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ.
Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан байна.