Н.Наранбаатар: Хүний эрх хамгаалах нэрийн доор хувийн ашиг сонирхолтой, шантаачилагчдийг яаж ялгах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асуулаа:
Энэ хуулийг дэмжиж байна. Хуулийн төсөлд хүний эрхийг хамгаалагч нь хэн байхыг тодорхойлж өгсөн. Үүн дотор Шүгэл үлээгч буюу аюулгүй байдлын эсрэг үйлдэлийг илчлэгч, мэдээллэгч орохоор харагдаж байна. Хэрвээ тийм бол энэ хуультай хамтад нь эрх зүйн байдлыг нь зохицуулсан байдлаар төсөлд тусгахгүй юу эсвэл тусад нь хууль боловсруулж явж байгаа юу?
Хүний эрхийн хамгаалагчийн эрх, төрийн байгууллага аж ахуйн нэгжийн нийтлэг үүргийг төслөөр тусгасан боловч хүний эрхийн хамгаалагчийн хариуцлагын асуудал нь тодорхой бус байна. Хүний эрх хамгаалах нэрийн доор хувийн ашиг сонирхол хийдэг, шантаачилдаг үзэгдэлүүд байдаг. Үүнийг яаж ялгаж салгах ёстой вэ? Ийм хариуцлагагүй хүмүүсийг хариуцлага үүрүүлэх нь зөрчлийн хуулиар 100.000 төгрөг гэдэг нь хэтэрхий бага байна.
Хуулийн төсөвт Дэд хороо байхаар тусгагдсан байна. ХЭҮК-д ажлын алба байгаа. Ажлын албаны чиг үүрэг дотор дэд хорооны чиг үүрэг тусгагдсан учраас давхцахгүй юу? Дэд хороо байгууллагаараа үйл ажиллагааны төсөв гэж байгаа. ХҮЭК төсвийг нь суулгах болно. Төсвийн асуудал байгаа учраас чиг үүргийн хувьд давхцахгүй юу?
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хариуллаа.
Шүгэл үлээгчийн асуудалтай асуудалтай хольж хутгаж андуураад байгаа юм. Хүний эрхийн чиглэлээр ажиллаж, хүлээн зөвшөөрөгдөөд энэ асуудалд өөрийнхөө мэдлэг, мэргэжил, мэргэшилээ зориулсан хүмүүсийн асуудал яригдаж байгаа юм. Энд тодорхой зааж өгсөн байгаа нь: Хүний эрхийг хамгаалагч өөрөө хүний эрхийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулна. Түүнээс хүний эрхийг зөрчиж, хүний эрхийг хамгаалахгүй юм.
Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.