Х.НЯМБААТАР: Далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан
2021.03.26

Х.НЯМБААТАР: Далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго нар "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Рио Тинто компанийн жижиг хувьцаа эзэмшигчид АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.  Энэхүү нэхэмжлэлд "Оюу толгой" төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан гэх асуудлыг хөндөж тавьсан байна. Зарим гэрчийн өгсөн мэдүүлэг нэлээд хатуу байсан. Тухайлбал, 2012 оноос хойш "Рио Тинто" компани "Оюу толгой" төслийн геологи, геотехнологийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм гэсэн мэдүүлэг өгсөн.

Энэ асуудалтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй, нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн байж болзошгүй гэх асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо, Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Энэ мэдээллийг бид мөн авсан.

Засгийн газар эдгээр байгууллагатай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болж өссөн тохиолдолд бид хөрөнгө оруулагчийн талтай хэлэлцээрийн шатанд дараагийн хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчихэд байна. Ирэх долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, "Рио Тинто"-ийн төлөөлөлтэй УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэлэлцээрээ эхлүүлэх гэж байгаа. 
Ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах саналыг Ерөнхий сайдад танилцуулах гэж байна.  "Оюу толгой" төсөл бол уул уурхайн маш том төсөл, Монголын хөрөнгө оруулалтын том толь, дэлхийн уул уурхайн хамгийн том технологийг хэрэгжүүлж буй төсөл гэдэгтэй ажлын хэсэг 100 хувь санал нэгдэж ирсэн. Цаашид энэ төслийг хэрхэн үргэлжүүлэх нь хэлэлцээрийн үр дүнгээс ихээхэн шалтгаална" гэлээ.

Х.НЯМБААТАР: Далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан