УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2021.03.31/ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрөгч онд болж хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэв.
Монгол Улсаас Куба Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг Коммунист намын Гадаад харилцааны газрын дэд захирал Анхель Арзуага болон Кубын Үндэсний Ассамблейн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Мариа Ёланда Феррер нартай хийсэн уулзалтаар хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хоёр орны Парламентын эмэгтэй гишүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын жилүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэхүү санал cанаачилгыг бүрэн дэмжиж буйгаа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа илэрхийллээ.
Элчин сайд Раул Дэлгадо Консепсион УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарыг цар тахал намжмагц өөрийн улсдаа айлчлахыг дахин урилаа. Мөн Куба Улсын улс төр, нийгэм, олон улсын өнөөгийн нөхцөл байдал, цар тахлын үеийн үйл ажиллагаа зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Үргэлжлүүлэн талууд аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эрүүл мэндийн салбарын талаар санал солилцов.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл их байгааг дурдаад Куба Улсын эрдэмтдийн гаргаж авсан биотехнологийн Хеберпрот бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх ажил ямар шатандаа явж байгаа талаар лавласан юм. Элчин сайд Раул Дэлгадо Консепсион энэ ажил бодит ажил хэрэг болж ЭМЯ-тай хамтран ажиллахаар санамж бичгийг энэ долоо хоногт байгуулахаар болсон баярт мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна хэмээв. Цаашид уг бүтээгдэхүүнийг хүртээмжтэй байлгах асуудалд анхаарч, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах талаар анхаарч, хамтран ажиллахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв