С.Амарсайхан: Эхнэр маань халдвар авсан аав ээжийгээ эмнэлэгт хүргэж өгөөд одоо ч гэрт нь тусгаарлагдаж байгаа
УОК-ын дарга С.Амарсайхан тайлбар өгч байна.
"Иргэддээ бодит мэдээллийг өгөх ёстой. Манай эхнэрийн аав 100 хувь асаргаанд байдаг 80 нас гарсан хөгшин байдаг. Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн. Мөн тусгаарлалтын хугацаа нь дуусах ёстой. Ахмад настнуудад энэ халдвар асар хүнд тусаж байгааг би өөрөө мэдэрч явна. Тиймээс иргэд ахмадуудаа асар сайн харж, хамгаалж, халдвараас срэгийлэхэд анхаарах шаардлагатайг энэ ташрамд хэлье.
Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэндээ тусгаарлагдаж байгаа. Гаргасан дэглэм журмыг би болон миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байгаа.
Манай эхнэр гэр рүүгээ ирсэн асуудал байхгүй. Манай хадам ээж, аав хоёулаа эерэг гарсан. Хаанаас халдвар авсан нь мэдэхгүй. Эхнэр маань эмнэлэгт ээж, ааваа хүргэж өгсөн бөгөөд одоо ч тусгаарлагдаж байгааг хэлье. Мөн гурван удаагийн шинжилгээ өгсөн бөгөөд бүх шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан. Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Би асуудал эрсдэлийг мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн хувьд анхаарал болгоомж алдаж болохгүй тул орчин тойрондоо эрсдэл гаргахгүй байж, шинжилгээг тогтмол өгч байгаа" гэв.