1267 метр  урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байна
2021.04.05

1267 метр урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Нийслэлийн  зургаан дүүргийн нутаг дэвсгэрт дэд ажлын хэсгүүд байгуулагдан, барилгын хашаа, түр хашааны норм дүрэм, журам стандартад хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд 236 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг өгч ажиллажээ.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд гэрэлтүүлгийн удирдлагын 59 самбар, 164 гэрэлтүүлгийн шон, 230 гэрэлтүүлгийн толгой засвар, 4613 метр кабель цэгцлэх,  таван шонд таг хийж ажиллалаа. Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол доторх өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангаагүй хайс, бетон блокыг илрүүлэн засаж сайжруулах, зөрчлийг арилгах хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг шалгалт хийсэн байна. Үзлэг шалгалтаар төвийн зургаан дүүргийн 73 байршилд 1267 метр  урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байгаа талаарх шалгалтын дүнг танилцууллаа.