Эрх зүйн туслалцаа үзүүлэх шинэ боломж нээгдэнэ
2009.03.18

Эрх зүйн туслалцаа үзүүлэх шинэ боломж нээгдэнэ

Сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих, гэр бүл болох, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах нь хурдацтай өсөн нэмэгдсэнээр хоёр орны иргэд, хуулийн этгээдүүдийн хооронд иргэний болон худалдааны эрх зүйн шинжтэй хэрэг, маргаанууд ихээр гарах болжээ.

Харин манай хоёр орны хооронд иргэний болон худалдааны эрх зүйн шинжтэй хэрэг, маргааныг зохицуулсан гэрээ хэлэлцээр байдаггүй тул асуудлыг шийдэх боломж хязгаарлагдмал байдаг аж. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзээд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас \"Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ\"-ний төсөл боловсруулан  БНСУ-ын Хууль зүйн яаманд хүргүүлсэн агаад хоёр тал 2008 оны наймдугаар сард гэрээний төслийг эцэслэн боловсруулж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ. Хоёр улсын шүүхийн байгууллагуудаар дамжуулан иргэний болон худалдааны хэргийн талаархи аливаа баримт бичгийг иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдэд гардуулах, шаардлагатай мэдээлэл солилцох, дипломат байгууллагаар дамжуулан нотлох баримт цуглуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарах нэмэлт зардал, гэрч, шинжээч нараас мэдүүлэг нотолгоо гаргуулах зэрэг асуудлыг эл гэрээгээр зохицуулсан юм байна.

Энэхүү гэрээг Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-аар соёрхон батлуулахаар Засгийн газраас боловсруулсан хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Манай улс БНСУ-тай ийм гэрээ байгуулснаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг багцаар нь байгуулж буй агаад үүний үр дүнд хоёр улсын шүүх, хууль хяналтын байгууллагууд эрх зүйн туслалцааны бүхий л салбарт хамтран ажиллаж, иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар түргэн шуурхай харилцах боломж нээгдэж байгаа юм.
Өнөөгийн байдлаар БНСУ-ын түр оршин суугч 98, албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч 1849, хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч 200, Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон байнга оршин суугч 70, цагаач 51, нийт 2268 иргэн манай улсад оршин сууж байгаа бол давхардсан тоогоор манай 36 мянга гаруй иргэн БНСУ-д, тус улсаас 44 мянга гаруй иргэн манай улсад зорчиж байгаа аж. Харин манай улсын 35 мянга гаруй иргэн БНСУ-д байнга оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь хууль бусаар амьдардаг юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.