Казах иргэдэд Наурыз баярын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 22-нд тэмдэглэх казах түмний уламжлалт хаврын Наурыз баярыг тохиолдуулан нийслэлд оршин суудаг казах иргэдийн төлөөлөгчдийг р Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Жекей, Х.Баделхан, А.Тлейхан, Монгол Улсын хүний гавьяат эмч Ш.Нота, Налайхын уурхайн ахмад уурхайчин Е.Кибекей, Баянзүрх дүүргийн VI хорооны НИХ-ын тэргүүлэгчдийн дарга Х.Ахман, ХААИС-ийн багш доктор, профессор Т.Ныгымет, "Айса" ХХК-ийн захирал А.Булбул, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутан Б.Жанболат нарын арав гаруй иргэн хүрэлцэн ирсэн юм.
УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ "Казах түмний уламжлалт Наурыз баярын өмнө төрийн түшээд, ахмад настан, эмэгтэйчүүд, залуусын төлөөлөл болсон та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Монголын ард түмэн шинэ сонголтоо хийсэн 1921 оны ардын хувьсгал, 1924 онд Бүгд найрамдах улсаа тунхагласан, түүнчлэн Халхын голын тулалдаан, чөлөөлөх дайн, Байтаг Богдын тулгаралт, энх цагийн бүтээн байгуулалт гээд түүхийн бүхий л цаг үед казах түмэн маань хамт байж, улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг манай төр, засаг ямагт өндрөөр үнэлж, бахархан дурсаж байдаг юм. Манай орны казах түмэн уламжлалт соёл, ес заншлаа сайн хадгалж ирсэн ард түмэн. Төр, засаг ч ард түмнүүдийн ёс заншлаа уламжлан хадгалах, бие бие-нээ харилцан хүндэтгэх байдлыг төрийн бодлогын үүднээс хөхүүлэн дэмжиж ирсэн би-лээ. Би Ховд аймгаас УИХ-д олон удаа сонгогдохдоо тэнд ажиллаж, амьдардаг казах түмний итгэлийг хүлээж ирсэндээ баяртай байдаг" гээд тэднээр уламжлан эх орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт казах түмэндээ Наурыз баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Уулзалтад оролцсон 81 настай ахмад уурхайчин Е Кибекей 1951 онд техникум төгсөөд Налайхын уурхайд анх ажилд орж байснаа дурсаад 1994 онд УИХ-аас тэтгэврийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа газрын гүнд, хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан хүмүүсийг жирийн нөхцөлтэй адилтгасан нь ахмад уурхайчдад хүндээр тусч байгааг залруулж өгөх, нийслэл хот, Дархан, Шарын гол, Налайхад оршин сууж байгаа казах иргэдийн хүүхдүүд үндэсний хэл бичгээ мэдэхгүй байгаа тул хос бичигтэн болгоход анхаарахыг УИХ-ын даргаас хүслээ. Мөн Монгол Улсын төрийн шагналт, хүний гавьяат эмч Ш.Нота казах түмний үндэсний баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж байгаад УИХ-ын даргад баярласнаа илэрхийлээд "Хүн ард маань эрүүл, боловсролтой байж улс орон хөгжинө.
Иймээс юуны өмнө эрүүл мэнд, нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог өөрчлөх замаар улсын нуруун дээрх ачааг багасгах, мөн сургалтын системийг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Ер нь бид эв эетэй, нэгдмэл санаа, зорилготой байж л хямралыг амархан давна"гэлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэтгэврийн хуулийг өөрчилсөнтэй холбогдуулан Зас-гийн газраас хоёр ч удаа уурхайчдад нөхөн олговор олгосныг дурдаад энэ асуу-дал дахин яригдвал хуулийг бүхэлд нь өөрчлөх тухай авч үзэж болох талтайг онцоллоо.
Уулзалтын үеэр өндөр настан А.Рахия УИХ-ын даргад казах түмний үндэсний хөгжмийн зэмсэг доомбор бэлэглээд "Доомбор бол дуу сайтай, их уянгалаг сайхан аялгуутай хөгжим. Таны ажил үйлс доомборын эгшиг аялгуугай адил өндөр байхыг ерөөе. Ирэх жилийн баяраар уулзахдаа бидэнд Та доомбор тоглож үзүүлээрэй" гэлээ. УИХ-ын дарга талархсанаа илэрхийлээд тэдэнд гарын бэлэг гардууллаа