Бизнес, хөрөнгө оруулалтын эрхзүйг сайжруулахад хамтарч ажиллана
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор нар МҮХАҮТ-д өчигдөр бизнесийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар төрийн түшээд бизнесийн орчин болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой томоохон хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгааг онцолж байв. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлгийн явцад мэргэжлийн салбарынхны оролцоог нэмэгдүүлж цаашид хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтад шинэ платформ ашиглан хамтран ажиллах, худалдааны салбарын эрх зүйн орчин одоог хүртэл хангалттай бүрдээгүй, худалдааны хуульгүй байгаа учраас энэ хуулийн төслийг санаачлах шаардлагатай байгаа талаар ярилцлаа. Мөн цаашид урт хугацаанд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодын судалгаа, санал санаачилга чухал гэдэгтэй талууд санал нэгдэв.
Уулзалтад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн болон Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа, Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ө. Үнэнбүрэн, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, санал солилцов.