Б.Энхбаяр: Туул гол дагуу олгосон газрын 19 зөвшөөрлийг цуцлуулна
Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хариуцсан Түр хороо байгууллаа. Тэд өнөөдөр тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьж, мэдээлэл хийлээ.
Тус түр хороо гурван чиглэлийн бодлогоор ажиллах юм байна. Улаанбаатар хотын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, хотын асуудлыг хууль тогтоомжид тусгуулах гэсэн чиглэлүүдэд гол анхаарлаа хандуулан ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдээллээ. Энэ түр хороо байгуулагдсанаар нийслэлийн тулгамдсан асуудал УИХ-ын түвшинд боловсруулагдаж, шийдвэрлэгдэх, хяналт тавих ач холбогдолтой юм.
Хотын тулгамдсан асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар “5Т” буюу
1.Төвлөрлийг сааруулъя
2. Түгжрэлийг арилгая
3.Төсвийн бие даасан байдлыг хангая
4. Татварын эрхтэй болгоё
5.Талцал хуваагдлыг эцэс болгоё гэж томъёолсон. Тиймээс хотын асуудлыг бодлогын түвшинд шийдэхээр түр хороо байгуулагдаж байгааг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Парламентын 30 жилийн хугацаанд анх удаа ийм түр хороо байгуулагдаж байна. Үр дүн хамгийн түрүүнд төсвийн бодлого дээр гарна. Хотын төсвийг улсын төсвийг татаж байгаад орон нутаг руу тараадаг байдлыг зогсоож, бодлогын дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаас ойрын бодлоыг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ.
Туул голын эрэг дагуу 19 газарт зөвшөөрөл өгсөн байна. Эхнээсээ Туул голын дагуу бургас хядаж, барилга барьж байна. Энэ 19 газрын зөвшөөрлийг цуцлах шаардлагыг хотын даргад хүргүүлнэ. Туул голын эрэг дагуу аялал амралтын төвүүд байгуулагдах ёстой. Дахиж шинээр барилга барих боломжийг олгох ёсгүй” гэдгийг мэдээлэв.
В.Бат