У.Хүрэлсүх: Хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болохын төлөө хичээн зүтгэх болно
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх СЕХ-ноос үнэмлэхээ гардаж аваад, Тусгаар тогтнолын ордонд /2021.05.24/ сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх сурталчилгааны нээлтийг эхлүүлж хэлсэн үгэндээ “Ахмад буурлуудынхаа зээлийг тэглэж, зээлгүй ахмадууддаа тус бүр нэг сая төгрөг олгож, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны зардлыг төрөөс хариуцаж байна. Сайн түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болголоо.
Мөн иргэн тус бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олгосон. Энэ бол байгалийн баялгийн хишиг хувь юм. Мөн Тавантолгой орд газрын ногдол ашгийг тарааж эхэлсэн нь Та бидний шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүн гарч эхэлж байна. Цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах ёстой.
Миний бие ард түмнийхээ итгэлээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө төр засаг ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэж, ажиллах болно.
Эрхэм хүндэт сонгогчид оо, ард иргэд ээ миний бие ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг, эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө энэ сонгуульд нэр дэвшиж байна. Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тулгуур багана бол эв нэгдэл юм. Монголчууд бид эвлэлдэн нэгдэж байсан цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан цагтаа уруудан доройтож байсныг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн.
Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол, Нэгдсэн Үндэсний байгууллага болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, стратегийн түнш орнууд болон гурав дахь хөршүүдтэй үр өгөөжтэй, найрсаг харилцааг илүү өргөжүүлэхийн төлөө санал санаачлага гарган ажиллах болно. Даяаршиж буй дэлхий ертөнцөд монгол хэмээн дангааршин очихын үндэс нь бидний үүх түүх, өв соёл, хэл бичиг, зан заншил нүүдэлчдийн соёл иргэншил юм.
Миний бие хэлснээ хэрэгжүүлж, эхлүүлснээ дуусгахын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.
Хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болохын төлөө хичээн зүтгэх болно. Сүүлийн жилүүдэд Та бидний эхлүүлсэн газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, сайн түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын сабарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуйн, газар тариалан, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ цаашид улам бүр эрчимжүүлж, үр дүнг нь үзэх зайлшгүй шаардлагатай байна. Мөнх тэнгэрийн дор Монгол Улс минь мандан бадрах болтугай” гэсэн юм.