2021.05.25
Г.Мөнхцэцэг: 40.000 багшаас илүү хөдөөгийн сурагчдаа компьютерээр хангах нэн шаардлагатай
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны төсвийн жилд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явц байдал, цаашид боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар болон боловсролын цахим шилжилт буюу багш сурагчдыг комьпютержүүлэх үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо.
Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
"40 мянган багшийг шинээр компьютержүүлэхэд 60 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа гэж ойлгож болох уу? мэдээж цахим боловсрол руу шилжих нь зайлшгүй юм. Багш нараа компьютержүүлэхээс гадна хөдөө, орон нутагт суралцаж байгаа хүүхдүүдээ компьютержүүлэх шаардлагатай байгаа гэдгийг салбарын яам олж харж байгаа байх гэж найдаж байна. Цахим сургалт авч байгаа малчдын хүүхдүүд маш хүнд байна. Гар утасаараа сургалтаа авах хэрэгтэй байдаг ч бололцооны гар утастай хэд нь вэ? телевизэргүй айл ч олон бий.
Улсын хэмжээнд 19-хэн Мэдээлэл зүйн танхим байгуулах юм уу? Бид Говьсүмбэр аймагт Их соёл-Их үндэс хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Говьсүмбэр аймгийн багш нараа компьютержүүлж, Мэдээлэл зүйн, технологийн 2-3 кабинет байгуулсан туршлага бидэнд бий. Улсын хэмжээнд 19 гэдэг тоо харамсалтай санагдаж байна. Тийм ч их зардал гарахааргүй байсан. Үүнийг өргөжүүлж болох уу?"
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn