Багш нарыг эрүүл мэндийн үзлэгт давхар хамруулах боломжийг судална
2021.03.05

Багш нарыг эрүүл мэндийн үзлэгт давхар хамруулах боломжийг судална

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үйл ажиллагаа 1956 оноос эхлэлтэй.

Өнөөдөр 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэд сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан болон бусад ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг тогтвортой дэмжих үүрэг хүлээдэг. Монгол Улсын хэмжээнд 47 мянган багшийг дахин сургах ажлыг 50 хүн хариуцна гэдэг том ачаалал. Тиймээс тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, дэмжих чиглэлд яам онцгойлон анхаарна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-д ажиллах үеэрээ хэллээ.  

Үндсэн, захиалгат, сонголтот, төрөлжсөн гээд дөрвөн төрлийн сургалтыг БМДИ-ээс зохион байгуулж, үүнд нь жилд дунджаар 17 мянган багш хамрагддаг. Үндсэн буюу нэг, тав, 10 дахь жилдээ багшилж байгаа хүмүүсийг үндсэн сургалтад зайлшгүй хамруулдаг. Дунджаар жилд 10 мянган багш хамрагдаж байна. Ажиллах үеэрээ 10 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа багш нарыг үндсэн сургалтад хамруулах боломж байгаа эсэхийг судлахаар боллоо.  

Мөн үндсэн сургалтад хамрагдахаар нийслэлд ирж буй багш нарыг бусад сургуулиудаас туршлага судлуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэргээр энэ үйл явцыг иж бүрэн болгох санал Боловсрол, шинжлэх ухааны сайдаас гарлаа. Энэ үеэр нөхцөл байдалтай уялдуулан сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, илүү олон хүнийг хамруулах боломжийг судлах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн юм.